Түргэн суманд 320 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Түргэн суманд 320 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилга, спорт заалын хамт барьж байна. Уг барилгыг "Арвижих Увс" компани барьж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явж байна. Энэ онд тус сургуулийн түүхт 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойгоороо улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ сургуультай болох гэж байна.
Түргэн сумын дунд сургууль нь Монгол Улсын хамгийн анхны “Улсын тэргүүний бага сургууль” бөгөөд энэ хүндтэй шагналыг 1969 онд хүртэж байжээ.
“Түргэн сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг манай
компани гүйцэтгэж байна. Бид ажлаа ирэх 7-р сарын 20-нд буюу төлөвлөгөөт хугацаанаасаа арай өмнөхөн ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна. Барилгын ажил хэвийн үргэлжилж байна” хэмээн “Арвижих-Увс”
компанийн захирал Х.Сүхбаатар хэллээ.
Үүнээс гадна Түргэн суманд энэ жил улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгөөр 240 хүний суудалтай, 2 давхар Соёлын төвийн
барилга барихаар болж тендер зарлагдаад байна. Мөн улсын төсвийн 270 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн 0,4 квт-ын ЦДАШ, дэд станцын
өргөтгөлийн ажил хийх юм байна.
“Арвижих-Увс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд
сургуулийн шинэ барилгын хажууд халуун усны газар өөрийн хөрөнгөөр барьж саяхан
ашиглалтад оруулсан байна.