Цогцолбор 1-р сургуулийн 12-р ангийн төгсөгчид хонхны баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-24 23:24:22

Увс /МОНЦАМЭ/. Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн 12-р ангийн төгсөгчид энэ сарын 23-нд эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Тус сургуулийг энэ жил долоон бүлгийн 194 сурагч төгсөж байна.

2018-2019 оны хичээлийн жилд тус сургуулийн хамт олон сурлага, урлаг, спортоороо аймаг төдийгүй, улсдаа манлайлсан амжилт гаргажээ.

Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд нийтдээ 930 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байна. 2018 онд ЭЕШ-ын сорил унших машинтай болсноор урьдчилсан 4 удаагийн сорилд давхардсан тоогоор 12300 сурагч хамрагдаж, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсын хэмжээнд Увс аймаг 520,6 оноогоор 2-р байр эзэлжээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад дундаж оноо 18,6 хувиар ахиж, долоон байраар урагшилсан байна. Мөн Цогцолбор 2-р сургууль энэ хичээлийн жилд Улсын тэргүүний сургууль болсон юм.

 

Связанные новости