АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-28 14:40:48

Увс /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Дэвид Холск тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 27-28-ны өдөр Увс аймагт ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ сарын 27-нд төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЭСЯ-ны төлөөлөгчид өнөөдөр Баруунтуруун суманд ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын Цэргийн академийн санхүүжилтээр тус суманд барих цэцэрлэгийн газартай танилцан судалгаа хийх аж. Уг судалгааг АНУ руу илгээснээр зураг төсөв батлагдаж, гэрээ байгуулан ирэх 2020 онд барилгын ажил эхлэх юм байна.  

Дэвид Холск хэлэхдээ “Уг цэцэрлэгийг их хүйтэнд болон газар хөдлөлтөд тэсвэртэй, америк стандартын дагуу барих ба Америкаас үзүүлж буй хүмүүнлэгийн ажлын нэг хэлбэр юм" хэмээн онцолсон юм.

ЭСЯ-ны төлөөлөгчид Увс аймагт ажиллах явцдаа Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний 1-р цогцолбор сургууль болон аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн мэдээллийн төвтэй танилцаж, тус аймагт ажиллаж амьдарч байгаа Америкийн сайн дурын мэргэжилтнүүдтэй уулзлаа. Мөн аймгийн Онцгой байдлын газарт зочлон усны аврах ажиллагааны техник хэрэгслүүдтэй танилцан гүний усанд шумбалтын иж бүрэн хэрэгсэл, тоног төхөөрөмж 2-3 ширхэгийг нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Связанные новости