АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийг 140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барина

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-30 14:03:36

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих АШУҮИС-ийн Cургалтын эмнэлгийн шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд  боллоо.

Тус эмнэлэг нь сургалтын бааз болохын хамт Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмнэлгийн шав тавих ёслолд оролцохдоо хэллээ. Тэрбээр, Монгол хүний эрүүл мэнд, эмч, эмнэлгийн ажилтныг бэлтгэх буянтай үйлсэд хамтарч буй Японы Засгийн газар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизү болон Японы Жайка (JICA) байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлэв.

АШУҮИС-ийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалт дадлагажуулалтын ажлыг шинэ шатанд гаргах их сургуулийн сургалтын эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын 140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих бол Монгол Улсын Засгийн газраас их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллах болно.

Мөн энэ чиглэлээр манай их сургуулийн эрдэмтэн профессорууд ч идэвх санаачилгатай, манлайлан ажиллахыг Ерөнхий сайд хүсээд 2018 оноос ийм сайхан эмнэлэгт ажиллах бололцоо бүрдэнэ гэлээ.

Их сургуулийн сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор тус сургуулийн оюутнууд, төгсөгчид, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн эмнэлзүйн ур чадвар сайжирч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчнийг эх орондоо эмчлэх бүрэн боломжийг бий болгож, өндөр түвшний оношилгоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн эмнэлзүй, био-анагаахын судалгааг цогцоор хийснээр олон улсын түвшинд тавигдах эрдэм судлалын ажлын чанарын түвшин сайжрах юм.

Ж.Болор

Связанные новости