Сайн туршлагаа хуваалцан, төслийн үр нөлөөг тогтвортой хадгалах талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-30 16:51:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран 2019-2025 онд хэрэгжүүлсэн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг хааж, үр дүнг нь хэлэлцэв.


Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Соён, Хангайн уулст хамаарах Тарвагатай, Бөхөн шарын нуруу, өмнийн Говийн бүсэд хамаарах Улаан шалын хоолой, Захуй зармангийн говийн бэлчээр, ойн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой амьжиргааг дэмжих замаар экосистемийн үйлчилгээг сайжруулахаар төслийг 7 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.


Төсөл хэрэгжүүлэгч талууд, орон нутгийн төрийн болон ТББ, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, төслийн үр шим хүртэгч 100 гаруй төлөөлөл төслийн хаалтын хуралд оролцож, төслийн үр дүн, орон нутагт бий болсон сайн туршлагыг хуваалцан, төслийн үр нөлөөг тогтвортой хадгалахад бүх талын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх талаар хэлэлцлээ. Төсөл хэрэгжүүлсэн бүс нутагт 1.2 сая га талбай бүхий 20 газрыг тусгай хамгаалалтад авсанаар Монгол Улс 2030-2050 он хүртэл нийт нутаг дэвсгэрийн 30-35 хувийг хамгаалалтад авах зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болжээ. Мөн баданга хүдэр, хариун буга, монгол тарвага зэрэг ховор, нэн ховор амьтдын амьдрах орчныг сайжруулж, малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог цөөлөх, бэлчээрийн менежментийн шинэлэг санаачлагыг хэрэгжүүлснээр зорилтот бүс нутагт малын тоог 30 гаруй хувиар багасгажээ. Түүнчлэн байгаль орчны салбарын эрх зүй, институтийн тогтолцоог бэхжүүлэх, байгалийн нөөцийг тогтвортой зохион байгуулах орон нутгийн засаг захиргаа, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлсэн аж.


Энэ үеэр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хэлэхдээ, Төсөл нь байгаль хамгаалал, эдийн засгийн өсөлт харилцан уялдаатай хөгжиж болохыг харуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, зэрлэг амьтдыг сэргээн нутагшуулах, бэлчээрийн менежментийн шинэлэг санаачлагыг хэрэгжүүлснээр хүн, байгаль хоёр тэнцвэртэй үр ашиг хүртэх, илүү ногоон, дасан зохицох чадавхтай Монгол орны суурийг бий болгож байгаа”-г онцлов.


НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Төсөл нь Засгийн газар, олон нийт, хөгжлийн түншүүд гар нийлэн хамтран ажиллавал юу хийх боломжтойг харууллаа. Экосистемийг хамгаалах, амьжиргааг сайжруулах, Монгол Улсын тогтвортой ирээдүйг бий болгох нь чухал ач холбогдолтой юм” гэлээ. 

Связанные новости