Хүүхдийн спортын уламжлалт YI наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ирэх жил болох “Азийн хүүхдүүд 2020” Олон улсын наадмыг угтаж Хүүхдийн спортын уламжлалт YI наадам есдүгээр сарын 9-15-нд Улаанбаатар хотноо болно.
Наадамд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Үндэсний шигшээ багийг бэлтгэх, амжилтыг нь бататгах, спорт сонирхогч хүүхдүүдийн урам зоригийг бадраах зорилготой энэхүү наадмын шилдгүүдийг
6-7 номинациар шалгаруулах бөгөөд
шилдэг
тамирчин, дасгалжуулагч, спорт хороод,
баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ жилийн тухайд өвлийн хоёр, зуны 34, нийт 36 төрлөөр зохион байгуулах бөгөөд
үндсэн 19, сонгох 5, паралимпын 4,
дифлимпын 3,
тусгай олимпын 3
төрөлд хурд, хүч, ур чадвараа сорих юм. Наадмыг есдүгээр сарын 10-ны 12 цагт Буянт-Ухаа
цогцолборт нээнэ.
Мөн наадмын үеэр сайн дурынхан ажиллах бөгөөд тэднийг спортын үйл ажиллагаа явуулдаг Их, дээд сургууль дээр бүртгэхээр зохион байгуулжээ.
Биеийн тамир, спортын газрын спортын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга мэдээлэхдээ “Энэ жилийн наадмын гол онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах зорилгоор спортын 12 төрлийг нэмж оруулсан. Бид энэхүү наадмаар дамжуулан олон улсын наадам, олимп, тив дэлхийд өрсөлдөх шинэ үеийн тамирчдынхаа залгамж халааг бэлтгэхэд орших юм” гэлээ.