"Итгэл найдвар, Боломж Улаанбаатар 2019" марафонд оролцохыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-30 15:21:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Итгэл найдвар, боломж Улаанбаатар 2019" бүх нийтийн марафон есдүгээр сарын 14-нд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох бөгөөд зохион байгуулагчдаас идэвхтэй оролцохыг нийслэлийнхэнд уриаллаа.


Энэхүү марафонд 2015 оноос хойш давхардсан тоогоор нийт 8000 гаруй хүн гүйж, зохион байгуулахад сайн дурын 1000 ажилтан хувь нэмрээ оруулж, 50 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцоод байгаа юм. Тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд зохион байгуулах бөгөөд 5, 10, 21, 42 км-ын зайд тус тус уралдана. Мөн гэр бүлийн 3 км зайд зохион явуулах юм.


Марафон гүйлтийн тэмцээнээс цугларсан хандив, орлогыг нийгэмд, үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, улмаар тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломж бүрдүүлэхэд зориулагддаг. Тухайлбал, “Марафон аялал”, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг спортоор нийгэмшүүлэх “Ахиллис Монгол клуб”, тусгай сургууль дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйлтээр нийгэмшүүлж, өөртөө итгэх итгэл бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд зориулна. Мөн “Ахиллис Хүүхэд”, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийг дэмжих бүлгийн “Даван туулагч”, уг нөлөөллийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулж хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

Связанные новости