Софт теннисний өсвөрийн тамирчид 3 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-02 10:47:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин улсын Булакан хотноо наймдугаар сарын 27-31-нд болсон софт теннисний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.


Охид, хөвгүүдийн 12, 15, 18, 21 хүртэлх насны ангилалд ганцаарчилсан, хос, багийн гэсэн нийт зургаан төрөлд Ази тивийн 13 улсын 300 гаруй тамирчин хурд хүч, ур чадвараа сорьсон юм. Дасгалжуулагч Б.Батаа, Ц.Эрдэнэбат нарын удирдлага дор эрэгтэй найм, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдсөнөөс охидын 15 хүртэлх насны ангиллын хосын төрөлд Б.Чинмөрөн, Т.Ивээл нар хүрэл медалийн эзэд болов.


Мөн хөвгүүдийн 18 хүртэлх насны ангиллын хосын төрөлд Б.Мөнхтулга, Г.Тэмүүлэн хүрэл медаль, багийн төрөлд Э.Улсболд, С.Баянтөр, С.Молор-Эрдэнэ, Б.Тулга, Б.Мөнхтулга , Г.Тэмүүлэн, Б.Билгүүн, Э.Тэлмэнбаяр нар хүрэл медаль хүртсэн юм.

Связанные новости