2019-2020 оны хичээлийн жилд 12400 гаруй хүүхэд ЕБС-д суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын сургууль цэцэрлэгүүд нэгдсэн журмаар их
жанжин Д.Сүхбаатарын талбайд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. 2019-2020
оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд 1400
гаруй хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орсон бол, нийт 12400 гаруй хүүхэд
ЕБС-д суралцана.
Энэ хичээлийн жилийн онцлог бол эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлсэн, эцэг эх, сургуулийн холбоо, хамтын ажиллагааг тодотгосон, сурлагын амжилтруу чиглэсэн сургалт явуулах зорилтыг БСШУСЯ-наас дэвшүүлсэн. Үүний дагуу Сүхбаатар аймгийн болосвролын салбар эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн өмнө нь хэрэгжүүлж байсан сургууль, цэцэрлэгийн ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдүүдэд боловсролын чанартай үйлчилгээг бүх түвшинд хүргэх зорилтуудаа үргэлжлүүлнэ.
Бид өмнөх жилүүдэд сурлагын чанарыг сайжруулах хоёр
жилийн аян зарлаж байсан бол үүнийгээ хөтөлбөр болгон өргөжүүлж байгаа. Ээлтэй орчин
бүрдүүлэх аяныг ч мөн хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ирж
буй хичээлийн жилд аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарыг дэмжсэн олон
сайхан бодлого хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Нөгөө талаар өмнөх жилүүдэд
гаргаж байсан амжилтаа ахиулахыг багш, сурагчиддаа ерөөе гэж аймгийн БСУГ-ын
дарга Л.Байгалмаа хэллээ.
Сүхбаатар аймгийн хувьд
2019-2020 оны хичээлийн жилд хүүхдийн тоо анх дуаа 12400 гарсан. Эдгээрийн 40
гаруй хувь нь Баруун-Урт суманд суралцаж байна. Мөн 1400 гаруй хүүхэд шинээр
элсэн орж байгаагийн 600 гаруй нь Баруун-Урт сумын дөрвөн ЕБС-д элсэн оржээ.
Харин их дээд сургууль шинээр төгссөн 20 гаруй багш аймгийнхаа сургууль, цэцэрлэгүүдэд ажиллахаар ирсэн байна.
Тэдний төлөөлөл, шинэ залуу
багш Г.Ач-Оргил хэлэхдээ, Би Уулбаян сумын уугуул. МУБИС-д 2015 онд элсэн
ороод, өнгөрсөн хавар түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Анх их
сургуульдаа явахдаа л төгсөөд нугагтаа ирж ажиллана гэж төлөвлөсөн байсан. Энэ зорилгоо
биелүүлж чадсандаа маш их баяртай байна. Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт,
боловсролын салбарынхны гаргаж буй амжилт тэр дундаа түүх нийгмийн ухааны
чиглэлийн багш нарын ур чадвар гээд олон зүйл намайг нутагтаа ирэх шийдвэр
гаргахад нөлөөлсөн. Хичээл заалгаж байсан багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж,
олон олон амжилт бүтээлийн эзэн болохын төлөө хичээх болно гэлээ.
Шинэ хичээлийн жилийн
нээлтэд аймаг, сумын удирдлагууд оролцон мэндчилгээ дэвшүүлж, энэ онд тус
салбарт 32 тэрбум төгрөгийн 20 төрлийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа
нь өмнөх жилүүдэд хийж байгаагүй хөрөнгө оруулалт гэдгийг тодотгоод цаашид
боловсролын салбарыг мөн адил бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.