Алдарт дархан М.Балдан-Осорын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төр шашны их дархан М.Балдан-Осорын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлаж, шинэчлэх ажлыг хийж дуусчээ. Анх 2013 онд түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн уг цэцэрлэгт хүрээлэн хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж эвдэрч сүйдсэн байсан. Улмаар дахин сэргээн засварлах хүсэлтийг үр хүүхдүүд нь аймаг орон нутагт санал болгосноор 50 сая төгрөг төсөвлөж шинэчилсэн юм.
Цэцэрлэгт хүрээлэнгийн
засвар, шинэчлэлийн ажилтай аймгийн ИТХ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын
хэсэг танилцлаа. "Плас аппреал" ХХК-тай аймгийн ЗДТГ байгуулсан гэрээнд ажлыг 07
дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 20-ны хооронд гүйцэтгэхээр тусгажээ. Хугацаа
бага зэрэг хожимдсон ч яг зураг төслийн дагуу хийсэн
гэдгийг гүйцэтгэгч компанийн захирал Д.Батдорж хэллээ.
Төмөр хашаа, хоёр
сүүдрэвч, гурван төрлийн хөшөө, зургаан ширхэг сандал хийсэн. Хөшөө болон
сандлууд бүгд цул боржин чулуу бөгөөд эдэлгээний хувьд бат бөх болсон гэдгийг
мөн тэрээр онцоллоо.
Ажлын гүйцэтгэлтэй
алдарт дархан М.Балдан-Осорын охин Б.Буд биечлэн танилцсан. Түүний хувьд хөшөөг
сэргээн засварлах саналыг гаргасан бөгөөд Монгол Улс төдийгүй дэлхийд алдартай
Дарьганга хийцийн мөнгөн урлалын дархан аавын минь үйл хэргийг Сүхбаатарчууд үеийн
үед дурсан санаж, энэхүү цэцэрлэгт хүрээлэнг нь хайрлан хамгаалж яваасай гэж
хүсэж байна хэмээн чин сэтгэлээ илэрхийлж байлаа.