Шинэ Зеландад улаан бурханы 1000 гаруй тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВЕЛЛИНГТОН. /AP/. Энэ он гарсаар Шинэ Зеландад улаан бурхан өвчний
1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас
мэдээлжээ.
Улаан бурханаас
урьдчилан сэргийлэх үр дүнтэй, аюулгүй вакцин хийлгэх бүрэн боломжтой хэдий ч сүүлийн
жилүүдэд зарим хөгжингүй оронд уг өвчний тархалт нэмэгдсээр байна.
Шинэ Зеландын
Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсанаар, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс
есдүгээр сарын 5-ны хооронд улаан бурхан өвчний нийт 1051 тохиолдол бүртгэгдсэн
ажээ.
"2019 оны эхний
гурван сарын хугацаанд дэлхий даяар бүртгэгдсэн улаан бурханы тохиолдлыг өмнөх
оны мөн үеийнхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн" гэж Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын /ДЭМБ/ тайланд тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн хэдэн арван жилийн
хугацаанд улаан бурханы эсрэг вакцинжуулалтыг сайтар явуулсны дүнд олон улс
оронд уг халдварын тархалт бараг зогсоод байсан хэдий ч сүүлийн жилүүдэд
халдвар дахин нэмэгдэх болсон юм.
Аутизм зэрэг өвчнийг үүсгэдэг
гэх шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээллийн улмаас эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад
хамрагдуулахгүй байгаа нь улаан бурхан тэргүүтэй урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой халдварт өвчний
тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна гэж судлаачид үзэж байна.