Монголын 3х3-ын сагсчид "Токио 2020" олимпын эрх авах оноогоо ахиулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай сагсчид есдүгээр сарын 21-22-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй хамгийн өндөр зэрэглэлийн "FIBA 3x3" Их дуулга тэмцээнээс олимпын эрхийн оноо авлаа.
Тус тэмцээнд "Монгол MMC", "Улаанбаатар энержи" багууд оролцож дэлхийн шилдэг 12 багтай өрсөлджээ. Энэ Их дуулга нь Олимпын хамгийн өндөр оноог олгодог тэмцээн юм байна. Лос Анжелесын Дэлхийн Их дуулгын А хэсгийн сүүлийн тоглолтод Нови Сад, Лузанн багийг 21:17 харьцаатай хожсоноор Монголын "Улаанбаатар Энержи" баг Дэлхийн Их дуулгын шилдэг наймд шалгарчээ.
Манай баг шилдэг наймын хасагдах шатны тоглолтоо ням гарагийн өглөө 08:25-аас Словенийн шигшээ Пиран багтай хийж ялсан байна. Ийнхүү "Токио 2020" олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ.
Харин хагас шигшээд Сербийн “Лиман” багт 12:18-аар хожигдож, дөрөвдүгээр байр эзэллээ. Лос Анжелесын тэмцээнд нутгийн баг “Принстон” түрүүлж, “Лиман” дэд байрт шалгарсан бол “Нови Сад Аль Вахда” баг гуравдугаар байрт шалгарчээ.
Энэ тэмцээнд түрүүлсэн баг 30 мянган
ам.долларын урамшуулал хүртэх бол хоёрдугаар байр эзэлсэн нь 20 мянга,
гуравдугаар байрыг 12 мянган “ногоон”-оор байлжээ. Харин дөрөвдүгээр байр
эзэлсэн баг 8000 ам.долларын шагнал хүртсэн байна.