Өсвөрийн сагсчид Бүх Оросын АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-11 13:32:47

ОХУ-ын “Кэс Баскет” байгууллагаас зохион байгуулдаг өсвөрийн сагсанбөмбөгчдийн АШТ-нээс Монголын өсвөрийн сагсчид хүрэл медаль хүртжээ.

Тус байгууллага нь НБТСГ, Нийслэлийн ЗДТГ, МҮСБХ, “TLG-13” ТББ, сагсанбөмбөгийн үндэс болсон өсвөр үеийн сурагчдын дунд “Сурагчдын лиг”-ийн АШТ-ийг 3 насны ангиллаар жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Сурагчдын лигийн АШТ энэ жил 6 дахь жилдээ болж байгаа бөгөөд тус тэмцээнд нийслэлийн 9 дүүрэгт бага дунд ахлах гэсэн 3 насны ангиллаар 112 сургуулийн 578 багийн 52638 сурагч хамрагдсан.

Сурагчдын лигийн ахлах насанд түрүүлсэн баг тамирчид ОХУ-ын бүх, муж хотуудыг хамруулан зохион байгуулсан “Кэс баскет” лигийн шилдэг 32 баг оролцдог “Супер финал”-д өрсөлддөг уламжлалтай. Сагсан бөмбөг өндөр түвшинд хөгжсөн ОХУ-ын Сурагчдын лигийн супер финалд Монголын баг өрсөлдөх болсон нь манай багш, дасгалжуулагч тамирчдад туршлага, ур чадвараа ахиулах боломж олгож байна.

Энэ жил эрэгтэй ахлах насанд Д.Лхагва дасгалжуулагчтай СХД-ийн Ирээдүй цогцолборын Шонхор багийн тамирчид, эмэгтэй төрөлд Б. Дэлэг дасгалжуулагчтай СБД-ын Монгол 3 дугаар сургуулийн баг тамирчид аварга болсноор Бүх Оросын аварга шалгаруулах “Супер финал”-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрхтэй болж Екатеринбург хотыг зорьсон юм.

Өмнө нь манай баг тамирчид шагналт байрт шалгарч байсан бол энэ жил манай эрэгтэй, эмэгтэй багууд амжилтаа ахиулж маш сайн оролцлоо. Д.Лхагва дасгалжуулагчтай манай эрэгтэй баг хэсгийн тоглолтдоо 3 хожил байгуулан хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч хасагдах шатанд амжилттай тоглон Бүх Оросын АШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү дэлхийн хүчирхэг гүрэн оросуудыг монголчууд сагсан бөмбөгийн спортоор хожин медалийн тавцанд гарч чадлаа. Тэд сагсанбөмбөг сонирхогч, хичээллэгч хүүхэд багачуудад ямар ч улсын тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөн хожих боломжтойг нотлон харуулж чадлаа. Тус тэмцээний шилдэг хамгаалагчаар Д.Отгонбаатар, шилдэг тоглогчоор Б.Цогтсайхан нар тодров.

Д.Өлзий

Связанные новости