ДЦС-ын үнс, Төв цэвэрлэхийн лагийг байгалийн нөхөн сэргээлтэд амжилттай туршжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2019-09-30 10:50:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах, загвар төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр баталсан.


Энэ төлөвлөгөөнд тусгасны дагуу нөхөн сэргээлт хийхгүй орхисон талбайд төв цэвэрлэх байгууламжийн лаг болон дулааны цахилгаан станцуудын үнсийг боловсруулан дүүргэгч материал болгон ашиглаж нөхөн сэргээлт хийх загвар төслийг хэрэгжүүлэхээр суурьшлын бүсээс хол, усны хамгаалалтын бүсийн гадна талбайг сонгон ДЦС-IV ТӨХК-ийн үнсэн далангийн доор 200 метр хавтгай дөрвөлжин талбайг лагийн бордоогоор хучиж зүлэгжүүлэхэд туршжээ.


Уг ажлын лагийг боловсруулж бордоо гаргах төслийг хийж гүйцэтгэж буй “Эко тайхи” ХХК нь Япон улсын “Эко энержи систем” компанийн технологийн дагуу энэ оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны хооронд хийж гүйцэтгэв. Тус компани нь Япон улсын арга аргачлалын дагуу гаргаж авсан бактерийн тусламжтай амьтан, ургамлын хог хаягдал ашиглан өндөр чанарын бордоо үйлдвэрлэдэг.


Мөн бактери болон модны үртэс, тахианы сангас болон бусад шаардлагатай зүйлсийг хольж өсгөвөр бэлдэж, бэлэн болсон 10 метр шоо дөрвөлжин өсгөврийг 500 метр шоо дөрвөлжин хэмжээний үртэстэй хольж, 4-7 хоногийн дараа лагтай холих замаар бордоог бэлтгэдэг технологийг хэрэгжүүлдэг байна.


Шинжилгээний хариу, бордоолог чанарын үзүүлэлтэд үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох туршилтын үр дүн нь сайн гарчээ. Лагаас гарган авсан бордоог хүнсний ногооны 14 төрөл, 50 орчим тасалгааны цэцэг, хайлаас модыг үрээр, үхрийн нүдийг үрсэлгээгээр, хөх тариа, буудай гэсэн төрлүүдэд ургамлын өсөлт хөгжилтийн нөлөөлөл болон аюулгүй байдлын туршилт судалгааг амжилттай хийж гүйцэтгээд байна хэмээн Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Связанные новости