Л.Дүгэрсүрэн: Тэсийн гол дагуу 300 га газарт нөхөн сэргээлт хийсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Тэсийн Цалгиа” нөхөрлөлийн ахлагч Л.Дүгэрсүрэнтэй цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр Тэс сумын 2-р багийн малчин бөгөөд хусаар төрөл бүрийн модон эдлэл хийхийн зэрэгцээ төмрөөр морины амгаа, хутга гээд юу л бол юуг хийж чаддаг гарын уртай нэгэн. Бас яруу найрагч бөгөөд өөрийн уран бүтээлийн дээжсээрээ хоёр ч ном хэвлүүлээд амжсан байна. Өнгөрсөн жил тэднийх Ногоон алт төслөөс санаачлан хийсэн “Тэсийн голын монголчууд” кинонд Тэсийн голын адагт орших айлыг төлөөлөн оролцон тогложээ.
-Таныг
байгаль хамгаалах чиглэлээр нөхөрлөл ажиллуулдаг гэж сонссон. Энэ талаараа
мэдээлэл өгөөч?
-Миний хувьд 2013 оноос хойш байгаль хамгаалах чиглэлээр
ажиллаж байна. Тэс сумынхаа цөлжсөн газрыг сэргээхийн тулд 300-га газарт нөхөн
сэргээлт хийсэн. Энэ маань ойролцоогоор хоёр багийн нутаг дэсвгэрийг хамарч
байгаа. Энэхүү хадлангийн талбайгаасаа оргил жилдээ 260 орчим сая, хамгийн хэцүү
жилдээ 180 орчим сая төгрөгийн хадлан авдаг. Тэсийн голын маань нэг салаа болох
Жирээгийн голынхоо баруун талд Шанаа, Харгана гэх мэт газарт нөхөн сэргээлт
хийснээр нутаг маань сайхан болж байгаа. Эдгээр газрууд нь захиргаадалтын үед хадлангийн
талбай байсан юм.
Жил бүрийн хавар Жирээгийн голын шар усны үерийг гадагшаа
дэлгэж, ус боож нөөцлөөд 300 га газраа усалж ирсэн.
-Энэ
сарын 11-нд Улаангом хотноо болсон “Ирвэсийн эх нутаг-нөхөрлөл хөгжлийн
түншлэл-2019” наадмаар танай нөхөрлөл аймгийн Шилдэг гурван нөхөрлөлийн нэгээр
шалгарсан байна. Баяр хүргэе.
-Баярлалаа. Тус үзэсгэлэн худалдаанд өөрийнхөө хийсэн
хусан эдлэлээр оролцсон. Модны татуур хутга, хусуур шоотог, амгаа, уут, билүүр,
тарагны халбага, айрагны халбага, хазаар ногт, цах зэрэг бүтээгдэхүүнтэй ирсэн.
Нөхөрлөл хөгжлийн наадмаас гадна “Увс Түншлэл-2019” үзэсгэлэн худалдаанд
бүтээгдэхүүнээ авч оролцлоо. Мөн энэ сарын 13-нд болсон Тэс сумаа Улаангомд
сурталчлах үйл ажиллагаанд бас оролцсон. Эдгээр цуврал гурван үйл ажиллагааны хүрээнд модон эдлэл болон цагаан идээ маань бүрэн зарагдаж дууссан.
-Таны
оролцон тоглосон “Тэсийн голын монголчууд” кино олон улсын кино наадмаас
тэргүүн байрын шагнал хүртсэн байна.
-Ногоон алт төслөөс “Тэсийн голын монголчууд” гэдэг кино
бүтээсэн бөгөөд Тэсийн голын эхэн, дунд, адагт амьдардаг гурван айлын аж
амьдрал, мал маллах арга ухааныг харуулсан кино юм. Тэсийн гол маань Хөвсгөл
аймагт орших Булнайн нуруунаас эх авдаг бөгөөд улмаар Завхан аймгаар дамжаад
Увс аймагт ирж Увс нууранд цутгадаг. Тэгэхдээ ОХУ-ын хил гарч урсдаг ч эргээд
нутагтаа орж ирдэг Эх оронч гол байгаа юм. Энэ гол маань Увс аймгийн Тэс суманд
орж ирэхдээ тав салаалж урсдаг бөгөөд манай нутгийнхан Тэс Таван гол гэж ярих
нь бий. “Тэсийн голын монголчууд” кинонд Хөвсгөл, Завхан аймгийн хоёр малчин
Тэсийн голын эхэн, дунд хэсгийг, харин миний бие адагт оршдог малчин айлыг
төлөөлөн оролцон тоглосондоо баяртай байдаг. Энэ кино маань дэлхийн кино
наадамд очоод шилдгээр шалгарсан гэдэг зурвас надад ирсэн.
-Танд
баярлалаа.