Г.Ганболд: Нөхөн сэргээсэн ойгоосоо гэрийн мод бэлтгэсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-10-16 14:30:42

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны өдөр Тэс сум сурталчлах өдөр Улаангом хотноо болсон юм. Энэ үеэр тус сумын “Баянбүрд” нөхөрлөлийн ахлагч Г.Ганболдтой цөөн хором ярилцлаа.


-Танай нөхөрлөл хэзээ байгуулагдсан бэ? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?

-“Баянбүрд” нөхөрлөл маань анх 2012 онд байгаль хамгаалах чиглэлээр 18 гишүүнтэй байгуулагдаж байсан. Түүнээс хойш нөхөрлөлийн маань гишүүд жилээс жилд чадавхжиж, сүү цагаан идээгээ боловсруулахаас гадна монгол гэрийн бургасан унь, хана хийж байна, мөн төрөл бүрийн хүнсний болон нарийн ногоо тариалж байна. Бид 800 орчим га газрыг нөхөн сэргээж байгалийн унаган төрхийг нь бий болгосноор тухайн газар орны орчин нөхцөл сайхан болсон.

-“Нөхөрлөл хөгжлийн наадам”, “Увс түншлэл-2019”, “Тэс сум сурталчлах өдөр” гээд дараалсан гурван өдрийн үйл ажиллагаанд танай нөхөрлөлийнхөн оролцлоо. Борлуулалт ямар байв?

-Манай нөхөрлөлийн гишүүдийн хийсэн цагаан идээ, гар урлалын бүтээлээс гадна өөрсдөө тарьсан төмс, хүнсний  ногоо, нарийн ногоог авч ирж оролцлоо. Мөн нөхөрлөлийнхөө хариуцсан газарт ой мод тарьж, түүнийгээ зөв зохистой ашиглан нэг гэрийн мод хийснээ борлууллаа. Өөрөөр хэлбэл, бургасан унь, хана, эсгий, монгол гутал, дээл хувцсаас гадна чинжүү, эрдэнэ шиш, улаан лооль, төмс, сонгино, хүнсний бүх төрлийн ногоо, араг савар, ээрмэл утас, эко тогооны угаалтуур, эко цайны шүүлтүүр, сүү цагаан идээний бүтээгдэхүүн, зэрлэг чацаргана гэх мэт монгол гэр барих, дотор нь тавих эд хогшил, идэж уух хүнсний зүйлс зэргийг бүгдийг нь өөрсдөө хийж ирсэн. Борлуулалт маш сайн байж, үлдэгдэлгүй шахам буцаж байна.

-Танай нөхөрлөл хэчнээн га газрын ойг нөхөн сэргээсэн бэ?

-Нөхөрлөлийн маань гишүүд Тэс сумын 8-р багийн малчин өрхүүд байгаа. Бидний өвөлжөөний буурь бууц болох Салаа, Гурван салаа, Шар гурив, Шар бүрд гэхчлэн Тэс сумын төвөөс чанх арагшаа улсын хил хүртэл, Их голоос наашаа газрыг хашиж хамгаалдаг. Ямар ч ой модгүй, цөлжсөн газар байсныг бух татан 4 газар ус боож шар усны үер дэлгэн усаа нөөцлөөд хавар болгон усалж ирсэн. Энэ ажил маань хавар 3-р сараас 6 сар хүртэл үргэлжилдэг. Манай хариуцсан хэсэгт зэрлэг чацарганы гурван төгөл байдаг юм.

-Хүнсний нарийн ногоог хэрхэн ургуулж байгаа вэ. Тэс сум их эрс тэс уур амьсгалтай шүү дээ?

-Эрдэнэшиш болон бусад хүнсний ногоог манай нөхөрлөлийн хяналтын албаны дарга, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономийн ангийг төгссөн Г.Цогт-Очир гээд залуу тарьж ургуулдаг. Хэдийгээр Тэс нутаг маань эрс тэс уур амьсгалтай ч гэсэн хөдөлмөрч бүтээлч сэтгэхүйтэй нөхөрлөлийн гишүүд маань шантарч няцалгүй хийх ажлынхаа эцсийг үзсээр байгаа.

-Танд баярлалаа. 

Связанные новости