“Талын түмэн адуу 2019” наадамд өргөнөөр оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2019-10-29 12:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Талын түмэн адуу 2019” ээлжит наадам /Эвент/-ыг зургаа дахь жилдээ Хэнтий аймагт 11 дүгээр сарын 1-3-нд зохион байгуулах тухай өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.


Морьтон монголчуудын уламжлалт адууны өв соёл, ахуйг өнөө үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулдаг. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг хэмээгддэг Хэнтий аймагт болох тус наадам нь ЕБС-ийн сурагчдын амралтын үеэр тохиож байгаа тул иргэд гэр бүлээрээ Монголын түүх, адууны өв соёл, уламжлалт малчин ахуйгаа таньж мэдэх сайхан боломж хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна.


Энэ удаагийн наадмыг БОАЖЯ, Соёл урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров болон бусад хувийн хэвшлийн нэгжүүдийн дэмжлэгтэй “Мөнх харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. “Талын түмэн адуу” наадамд улс, аймгийн аварга адуучид болон адуу сохирхогч залуус 2000 адуун сүрэгтэйгээ оролцох юм.


“Тус наадмыг Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2015 оноос жил бүр зохион байгуулж байна. Мөн Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах төдийгүй өвлийн улиралд адуу маллах нүүдэлчин өв соёл уламжлалыг хадгалж үлдэх, орон нутагтаа адуучны ур чадвар, ухааныг алдаршуулан өвлүүлэх чухал ач холбогдолтой” гэдгийг Соёл урлагийн газрын ажилтан Н.Болормаа онцоллоо.

“Талын түмэн адуу” наадмын хөтөлбөрийг танилцуулахад: Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын уралдаан, “Торгон тар” морьдын богино зайн бооцоот уралдаан, Хэнтий аймгийн хэмжээнд “Шилмэл гүү” шалгаруулалт, Адууны зүс нэршлийн танилцуулга, Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа, Уран уургач шалгаруулах “Шургуу 2019” тэмцээн, Эмнэг булгиулах үзүүлбэр тэмцээн, Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн үзэсгэлэн, Тал нутгийн тайга нохойн уралдаан, “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн, "Удамт Монгол" хүүхдийн морьтой жагсаал /парад/, Наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт зэргийг зохионо.


Ташрамд сонирхуулахад, Хэнтий аймагт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын санхүүжилттэй томоохон цогцолбор барихаар бүтээн байгуулалтын ажлууд хийж эхлээд байгаа юм. 

Связанные новости