УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн лекц уншлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар “Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдэвт хүндэтгэлийн лекцийг Тусгаар тогтнолын ордонд уншлаа.
Лекцийнхээ эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүрийг дэлгэрэнгүй танилцууллаа. 1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулиараа Монголчууд төрт ёс оршин тогтнохын үндэс болсон Тусгаар тогтнолоо зарлан тунхаглахын зэрэгцээ ардчилсан тогтолцооны үндэс суурийг тавьсан. Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээр хууль бүрт тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьж байсан. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа. Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойроогүй гэдгийг УИХ-ын дарга онцлов.
Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтай зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Энэ зүйл заалт бүр эрүүл нийгэм, шударга төр, хариуцлагатай засаглалын хөгжингүй эдийн засаг руу та биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн тав дахь хувьсгалын эхний томоохон алхмыг хийсэн гэж үзэж байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар дурдлаа.
Тэрбээр, "Бид хамтдаа өөрчлөлт, шинэчлэлээ эхлүүлж чадлаа. Одоо үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх чухал ажил хүлээж байна. Үүнд хүн бүрийн хүчин зүтгэл чухал. Та бүхнээр уламжлан нийт ард түмэндээ шинэ сайхан ирээдүйг бүтээх, төрөө цэгцлэх түмнээ амаржуулах, бүтээх итгэл дүүрэн баяр түвшин жаргалыг хүсэн ерөөе” хэмээн онцлон тэмдэглэлээ.
“Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдэвт хүндэтгэлийн лекцэд төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, Зөвлөлдөх санал асуулгад оролцож байсан төлөөлөгчид, оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагын 800 хүн оролцов.