Монгол Улсаас Чех Улсад суугаа ЭСЯ-наас үндэсний урлаг соёлоо сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-28 09:05:06

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ, Прага хотын VI дүүргийн Захиргаа, “Вилла Пелле” галерей, Ахмадын клубтэй хамтран энэ сарын 21-нд улс орноо сурталчлах уулзалт зохион байгуулав.


Элчин сайд Д.Гансүх энэ үеэр хийсэн танилцуулгадаа энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, энэхүү түүхт ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч П.Павелийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, Чехийн үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг дэлгэн, тус улсын Ерөнхийлөгчийн ордон, Филармони “Рудольфинум”-д Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгуулсан болохыг онцлов. Мөн Прагийн амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй Тахь нутагшуулах төсөл, Монгол-Чехословакийн геологийн хамтарсан баг Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн зэрэг хоёр талын хамтын ажиллагааны онцлох үйл явдлын талаар дурдав.


Мөн үеэр шүүхийн тамгатай орчуулагч Б.Мянганбаяр үндэсний соёл урлаг, бичиг үсэг, хувцас гоёл, эрийн гурван наадмын талаарх танилцуулгыг чех хэлээр хийж, уран бүтээлч Б.Хосбаяр морин хуур хөөмийн хосолсон үзүүлбэрийг сонирхуулав.


“Гэр кэмп”-ийн хамт олон үндэсний хоол, цайгаар зочдыг дайлж, зураач Д.Үнэнт уран зургаасаа толилууллаа гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ. 

Связанные новости