Э.Бэхбаяр “Аланы” ОУТ-ий мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-10 11:05:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын III тэмцээн 12 дугаар сарын 7-8-нд ОХУ-ын Владикавказ хотын “Манеж” спортын ордонд болов.


Тэмцээнд 25 орны 235 тамирчин 10 жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор 6 тамирчин хүч үзсэнээс гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.


ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадам болон 2016 оны Азийн аварга, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин Э.Бэхбаяр Владикавказын дэвжээнд тэгшитгэлийн барилдаанд Дагестаны Р.Минтуллаевыг 2:2-оор, 1/8 шигшээд 2017 оны Азийн залуучуудын аварга Узбекистаны бөх  Ж.Туробовыг 10:0-ээр, энэ жилийн ОХУ-ын аварга Р.Гамзатовыг 4:1-ээр ялсан байна.


Улмаар хагас шигшээд 2019 оны Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт эзэн орны А.Сабановыг 2:1-ээр тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2018 оны дэлхийн залуучуудын аварга Дагестаны Ахмед Идрисовт 2:5-аар ялагдав. Хойд Осетид хүчээ сорьсон манай бусад бөх медаль хүртээгүй байна.


Ташрамд сонирхуулахад, Владикавказын дэвжээнд олимп, дэлхийн 30-аад медальтан зодоглосон бөгөөд дэлхийн аварга ОХУ-ын Бекхан Гойгереев, Гүржийн Бека Ломтазе, олимпын медальт Узбекистаны Ихтиор Наврузов, Магомед Ибрагимов, ДАШТ-ий медальт ОХУ-ын Алан Гогаев, Анзор Болтукаев, АНУ-ын Томас Гилман, Ник Гвяздовски, Казахстаны Нурислам Санаев, Словакын Борис Макоев, Узбекистаны Хасанбой Рахимов нар медальгүй хоцорсон нь ямар чанар чансаатай тэмцээн болсныг илтгэж байна.

Связанные новости