НЗДТГ: Чулуун хаалт нэг бүр гурван сая төгрөгийн өртөгтэй гэдэг нь ташаа мэдээлэл
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын талбайг тойруулан тавьсан чулуун хаалт нэг бүр нь гурван сая төгрөгийн өртөгтэй гэсэн ташаа мэдээ зарим хэвлэл мэдээлэл, цахим орчинд гарч буйд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр албан ёсоор тайлбар өгөв.
Тус чулуун хаалтыг энэ сарын 15-16-нд шилжих шөнө Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор, иргэд олноор цугладаг Д.Сүхбаатарын талбайд тээврийн хэрэгсэл нэвтрэхээс сэргийлэх үүргийг Төрийн тусгай хамгаалалтын газарт өгчээ. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 296 жижиг, 100 том, нийт 396 ширхэг чулуун хаалтын зардалд 151 сая төгрөг гаргасан байна.
Иймд иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилан сэргийлсэн дээрх ажлыг улстөржүүлэх, буруутган харлуулахгүй байхыг хүсэж байгаагаа НЗДТГ-аас илэрхийлэв.