Элчин сайд нар: Монгол Улсын гадаад худалдааны үзүүлэлт чамлалттай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-24 21:20:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн энэ сарын 12-18-нд боллоо. Энэ үеэр Монгол Улсын гадаад худалдаа, бусад оронтой харилцаж буй улс төр, эдийн засгийн бодлогын талаар Элчин сайд нар дараах байр суурийг илэрхийлсэн юм.



Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа: Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Элчин сайдаар томилогдоод удаагүй байна. Дөнгөж ажлаа хүлээж авч байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчиллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлах үеэр хоёр орны харилцаа нэг шат дээшилж, “Иж бүрэн стратегийн түшнлэлийн гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээг Ерөнхий сайдын айлчлалын өмнө УИХ соёрхон баталсан юм. Ингэснээр олон жилийн түүхтэй хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрч, Монгол Улсад байсан ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг манайд үнэ төлбөргүй шилжүүлэх, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дүрмийн санг нэмэх нэгдсэн ойлголтод хүрсэн. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулахтай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан зэрэг томоохон асуудлыг шийдэж байна. Эдгээр ажил Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах төслийг эрчимжүүлэхэд томоохон алхам боллоо. Ирэх онд гурван улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт Санкт-Петербург хотноо болохоор төлөвлөж байгаа. Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа жилийн 1.6 тэрбум ам.доллар байна. Тарифын болон тарифын бус татвартай холбоотойгоор хоёр орны гадаад худалдааг хөгжүүлэхэд хүндрэлтэй байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үед Евроазийн эдийн засгийн холбооны тэргүүнтэй уулзсан. Тус холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажил амжилттай хэрэгжвэл худалдааны дүнд мэдэгдэхүйц ахиц гарна гэж тооцож байна.



Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны наймдугаар сард АНУ-д айлчлах үед хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлд хүрснийг зарласан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-д айлчлах үеэр “Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх замын зураг” гэсэн бодлогын баримт бичиг байгуулсан. Энэ хүрээнд хийсэн ажлуудаа ирэх оны гуравдугаар сард хэлэлцэхээр төлөвлөсөн. Монгол, АНУ-ын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа 200 сая ам.доллар байгаа нь чамлалттай үзүүлэлт. АНУ Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Конгрессоор хэлэлцэж байна. Хуулийг ирэх онд батлах байх гэсэн хүлээлттэй байгаа.



Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал: Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж байна. Энэ хугацаанд хоёр улсын улс төр, соёл, иргэд хоорондын харилцаа өндөр түвшинд хөгжсөн. Японы талаас хоёр орны харилцаа Зүүн Хойд Азийн хэмжээнд үлгэр жишээ болохуйц хэмжээнд хөгжсөн хэмээн дүгнэж байгаа. Тухайлбал, Никкей сониноос зохион байгуулдаг “Азийн ирээдүй” олон улсын форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, Японы парламентын дарга болон Ерөнхий сайдтай уулзлаа. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болон бусад албаныхантай уулзсан. Мөн Японы Гадаад хэргийн сайд энэ онд Монгол Улсад айлчиллаа. Энэ бол Японы Гадаад хэргийн сайд есөн жилийн дараа Монголд айлчилсан тохиолдол байлаа. Энэ үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийснээс гадна, Монгол-Японы сургалтын эмнэлгийг нээсэн. Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Японд айлчилсан зэргээр улс төрийн харилцаагаа хөгжүүлж, цаашид хийх ажлуудынхаа талаар олон асуудлыг ярилцсан жил болов. Мөн Монгол, ОУВС хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Японоос 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг олгохоор ажиллаж байгаа.

Бидний хувьд хоцрогдож байгаа нэг салбар нь эдийн засгийн хамтын ажиллагаа. 1990 онд ардчилсан хувьсгал өрнөсөн үеэр Япон Улс манайд Хөгжлийн албан ёсны тусламж олгож эхэлсэн гэж үздэг. Гэхдээ Монголыг социалист системтэй байхад “Говь” үйлдвэрийг барьж өгч байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй гэж үзэж болно. Энэ бол Засгийн газрын түвшний харилцаа юм. Харин одоо хувийн хэвшлийн харилцаа хоцрогдож байна. Монгол Улс Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах саналыг 2005 онд анх тавьсан. Ингээд 2008 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярыг Япон улсад айлчлах үеэр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах судалгааг эхлүүлсэн юм. Судалгаанд тулгуурлан 2015 хэлэлцээр  байгуулж, 2016 онд хоёр орны парламент баталсан. Үүний хүчинд 300 сая ам.доллар байсан гадаад худалдаа одоо 550 сая болж өслөө. Гэхдээ манай экспортын хэмжээ бага байна. Хэлэлцээрийг Японы тал хамгийн сайн ашиглаж байгаа. Нөгөө талаараа Монголын экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ бага байна. Экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, тоо хэмжээг өсгөх нь бидний өмнө тулгамдсан хамгийн том асуудал. Гэхдээ хэлэлцээрт техникийн хамтын ажиллагааны талаар бүтэн бүлэг бий. Монгол Улсад экспортын бүтээгдэхүүн бага гэдгийг япончууд мэдэж байгаа тул шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжих зорилгоор техникийн хамтын ажиллагааны заалт оруулсан юм. Тодруулбал, Япон улсад экспортлох боломжтой бүтээгдэхүүн бүтээгээд ЖАЙКА-гаас санхүүжилт авах боломжтой гэсэн үг. Гэтэл үүнийг хувийнханд ч, хувьсгалынханд ч хэлсэн ашиглахгүй байна. Элчин сайдаар томилогдсоноос хойш жил гаруйн хугацаанд Монгол, Японы хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Тодруулбал, ЭСЯ-аа зорилтот бизнес эрхлэгчдийг уулзуулах талбар болгох ажлыг эхлүүллээ. Саяхан Монголын вино үйлдвэрлэгч компанийн уулзалтыг ЭСЯ-нд зохион байгуулсан. Цаашдаа Японы зах зээлд гарахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компаниудыг Японы бизнес эрхлэгчидтэй уулзуулах ажлыг хэвшил болгох болно. Саяхан УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар Япон улсад айлчлах үед тус улсын “Ламекс” цаасны үйлдвэрийг Монгол Улсад байгуулах санамж бичиг байгуулсан. Энэ сарын 20-нд Токиод болох хоёр орны бизнес форумын үеэр гэрээгээ байгуулж, ирэх онд үйлдвэрээ нээхээр төлөвлөж байгаа. Энэ үйлдвэр цаасаа шохойн чулуугаар үйлдвэрлэдэг хамгийн дэвшилтэт технологитой. Шохойн чулууны асар их нөөцтэй атлаа цаасаа 100 хувь импортоор авдаг Монгол Улсад энэ үйлдвэрийг байгуулах нь маш том боломж.



Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр: Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа. 2016 онд Унгарын Ерөнхий сайд Монгол Улсад, 2017 онд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгарт айлчилсан. Мөн Унгар Улсын Их хурлын дарга Монголд айлчлах урилгатай байгаа. Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Энэ хүрээнд Засгийн газрын түвшний айлчлал болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа. Монгол, Унгар улсын гадаад худалдаа 2016 онд найман сая евро байсан бол 2018 онд 12 сая евро болж өссөн. Гэхдээ худалдааны дийлэнх нь Унгараас худалдан авч буй бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Унгар Улсад гаргаж ирсэн. Тухайлбал, “Bodio's” компани нэрийн дэлгүүрээ Будапешт хотод байгуулж, улмаар Зул сарын баярын үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Түүнчлэн Унгарын “HELL” ундааг Монголд үйлдвэрлэж байна. Энэ бол зөвхөн Монголын зах зээлд нийлүүлэхээс гадна Монголоор дамжин БНХАУ, Япон, БНСУ-ын зах зээлд гарах боломжийг эрэлхийлж буй хэрэг юм. Унгар улс монголчуудад Европын холбооны зах зээлд, Монгол Улс Унгарын бизнес эрхлэгчдийг Азийн зах зээлд гарах үүд хаалга болох боломжтой нь хоёр орны эдийн засгийн харилцааны гол онцлог юм.



Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга: Монгол, Казахстан улс жилд 34-35 сая ам.долларын гадаад худалддаа хийдэг. Гадаад худалдаа муу байгаагийн шалтгаан нь тээвэр ложистикийн асуудал. Мөн Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн биш тул тарифын болон тарифын бус татвар ихээхэн нөлөөлдөг. Одоо Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг судалж байгаа. Тухайлбал, энэ оны зургаадугаар сараас Улаанбаатар-Нур-Султан хооронд шууд нислэгтэй болсон. Мөн Улаанбаатар-Алмата хооронд шууд нислэгтэй болох талаар ярилцаж байна. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох чухал алхам болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд БНКУ-д айлчиллаа. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийн форум боллоо. Энэ үеэр нийт 200 сая ам.доллартай тэнцэх төсөл хөтөлбөртэй холбоотой гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь Ерөнхий сайдын айлчлалын хамгийн том үр дүн байсан юм. Тухайлбал, Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа. Казахстан улс жилд 20 тонн алт, 200 тонн мөнгө цэвэршүүлдэг. Энэ үйлдвэрийг Монголд нэвтрүүлэх нь төгрөгийн ханшийг тогтворжуулах том алхам болно. Энэ бүх ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Засгийн газраас төлөвлөгөөгөө боловсруулж, бидэнд үүрэг, чиглэл өгөх байх гэсэн хүлээлттэй байна. Монгол Улс Төв Ази руу чиглэсэн гадаад бодлогоо хөгжүүлэх хэрэгтэй. Миний бие Казахстанаас гадна Узбекистан, Тажикистан зэрэг нийт таван орон хариуцаж байгаа. Эдгээр оронтой Монгол Улс түүхээрээ нягт холбоотой. Тиймээс энэ үүх түүх, найрамдалт харилцаандаа тулгуурлан гадаад бодлогоо тэлэх нь чухал.

Связанные новости