Д.Доржготов: 2020 онд аймаг орон нутгийн хөгжлийн сангаас хийхээр төлөвлөсөн ажлууд их бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-21 22:56:43

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Дамдинсүрэнгийн Доржготовтой ярилцлаа. Түүний хувьд энэ дөрвөн жилд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Ялангуяа аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, Нэгдсэн эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

Иймдээ ч түүний удирдсан аймгийн Нэгдсэн эмнэлэг 2017 оны ажлаараа аймагтаа, 2018 онд Монгол Улсдаа тэргүүлж, өөрөө Монгол Улсын эрүүл мэндийн салбарын “Оны шилдэг менежер”-ээр шалгарсан байна. Мөн аймгийн ИТХ-д Зүүнговь сумаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд энэ дөрвөн жилд идэвх санаачилгатай ажиллаж, 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг төрөлх сумандаа хийлгэж чаджээ.   

-Юуны өмнө та уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Би 1969 онд Зүүнговь сумын төв Зэлийн гол гэдэг газар төрсөн. Айлын 12 хүүхдийн зургаа дахь хүүхэд нь. 1984 онд сумынхаа сургуулийн 8-р ангийг, 1986 онд аймгийн 10 жилийн 2-р сургуулийг төгсөөд Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцсан. Сум орон нутагт эх барихын тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх шаардлагатай байдаг учраас би эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм. 1993 онд сургуулиа төгсөж ирээд төрөлх сумандаа 2002 он хүртэл хүний их эмчээр ажилласан. 2001-2002 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын ангийг дүүргээд аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч даргаар томилогдон ажиллаж байлаа. 2008 оноос эхлэн аймгийн ЭМГ-ын даргаар таван жил ажилласан. 2013 оноос аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон. Ер нь бол 2002 оноос эхлэн аймгийн эрүүл мэндийн салбарт удирдах ажил хийж байгаа. 2003 онд эрүүл мэндийн удирдах ажилтны гурван сарын дамжаа дүүргэсэн. Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр ахлах зэрэгтэй, анагаах ухааны магистр, докторант.

Зүүнговь сумын морин спорт, уяачдын холбооны тэргүүн, аймгийн Унадаг дугуйн холбооны тэргүүн гэх мэт сонгуульт ажилтай. 2013 оноос аймагтаа дугуйн холбоог үүсгэн байгуулах чиглэлээр ажиллаж, албан ёсоор ТББ болгоод сүүлийн 2 жил дараалан аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулаад байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн итгэлийг хүлээн энэ дөрвөн жилд тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж, зөвхөн тойрог гэхгүйгээр Увс аймгийнхаа хөгжлийн төлөө, тэр дундаа аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд та өөрийн сонгогдсон тойрог болох Зүүнговь суманд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?

-2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас Зүүнговь суманд нэр дэвшиж, сонгогч ард түмнийхээ итгэлийг хүлээн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд сонгогч олон түмнийхээ санаа бодлыг төр засагт хүргэх, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр аймаг орон нутгийн удирдлага, Засгийн газар, УИХ-ын түвшинд гүүр болж ажиллалаа. Үүний үр дүнд Зүүнговь суманд маань хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд маш их хийгдлээ. Тухайлбал, аймгийн орон нутгийн төсвөөр 2018 онд Хойт голын Цагаан гатлаганы гүүрийг 15 сая төгрөгөөр зассан. Сургуулийн дотуур байрны тохижилт, камержүүлэлтийн ажилд 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 2019 онд Тохой багийн конторын засварт 15 сая, Морь барьдагийн гатлаганд гүүр барихад 15 сая, сумын Эрүүл мэндийн төвийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 20 сая, дотуур байрны тохижилтод 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн.

2020 оны хувьд аймаг орон нутгийн хөгжлийн сангаас хийхээр төлөвлөсөн ажлууд их байгаа. Зүүнговь сумын сургуулийг ариун цэврийн байгууламжтай болгоход олон улсын байгууллагаас дэмжиж ажиллахаар болсон бөгөөд орон нутгаас 40 сая төгрөг, олон улсын байгууллагаас 40 сая нийтдээ 80 сая төгрөг гаргаж тохижуулах юм. Зүүнговь сумын Өгөөмөр багийн төвийн засвар, тоног төхөөрөмжийн асуудалд 15 сая, Суварга багийн төвийн засвар, тоног төхөөрөмж авахад 15 сая, Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 17 сая, Соёлын төвийн тохижилт хийхэд 9 сая, Гурмасны голын гүүрийн засварт 25 сая төрөг гэхчлэн нийтдээ 125 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлд суулгаж, батлуулсан байгаа. Мөн Зүүн хөдөөд инженерийн байгууламж бүхий худаг гаргах асуудал сүүлийн хоёр жилд яригдаж байгаа бөгөөд ХХААЯ-ны чиглэлээр 2020 ондоо багтааж гаргуулахаар шийдвэрлүүлсэн.

Түүнчлэн улсын төсвөөр сумын төвийн тохижилт гээд 2019, 2020 он дамнаад 1,5 тэрбумын хөрөнгө оруулалттай ажил хийж байна. Хог тээвэрлэх автомашин нийлүүлэхээр улсын төсөвт 40 сая төгрөг суусан. Сургуулийн спорт заалны барилга 2019-2020 он дамнан баригдаж байгаа. Энэхүү барилга нийтдээ 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 2020 онд үлдэгдэл 400 сая төгрөгийн санхүүжилт орж ирнэ. Үүнээс гадна 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 100 ортой цэцэрлэгийн барилга 2020 онд баригдаж ашиглалтад орно. Энэ жил 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан. Энэчлэн Зүүнговь суманд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бараг таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Ер нь бол энэ дөрвөн жилд зөвхөн Зүүнговь сум гэлтгүй, Увс аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд ихээхэн өрнөж байна. Ирэх 2020 онд мөн үргэлжилнэ.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас гадна төлөөлөгчийн хувиар сум орон нутагт зохион байгуулж байгаа үйл ажиллагаанууд, ялангуяа багуудад хийдэг Цагаан сарын өдөрлөгүүд, Эх үрсийн баярыг угтаж хийдэг ажлууд, зарим томоохон нийтийг хамарсан уралдаан тэмцээнд байнга оролцож, тусалж дэмждэг. Тухайлбал, 2019 онд Аймгийн аварга малчнаар шалгарсан зургаан малчин өрхийг алдаршуулах хаврын уралдаан дээр “Малчин” телевизийг 1,5 сая төгрөгийн хөлсөөр аваачиж бичлэг хийлгэн Монгол орон даяар Зүүнговь сумынхаа ард иргэдийг сурталчилсан. Мөн хурдан морины уралдааны зургаагаас хойш давхисан морьдын бай шагналыг ивээн тэтгэж байлаа. Энэчлэн сум орон нутагт болж байгаа ажил, арга хэмжээнүүдэд төлөөлөгчийн хувиар холбогдох хүмүүстэй боломжоороо хамтарч ажиллаж байна. Үүнээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын хувьд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг сумандаа удаа дараа аваачсан. Энэ хүрээнд халдварт болон халдварт бус өвчин, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний эрт илрүүлгийн ажлыг Зүүнговь суманд хийсэн.

Түүнчлэн “Баг-83”, “Баг-93” үйл ажиллагаануудыг явуулах үед төлөөлөгчийн хувиар өөрөө очиж эмч мэргэжилтнүүдтэйгээ хамтраад иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажилласан. Энэ хугацаанд Эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссыг хоёр удаа хуралдуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгах, шийдвэрлэх ажлуудыг сум орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн байна.   

-Тойрогтоо хийхээр төлөвлөсөн ажлууд тань бүгд хэрэгжсэн үү? Нэмэлтээр ямар ажил хийсэн бэ?

-Төлөвлөгдсөн ажлууд бүрэн биелсэн. Гол хүсэлт бол Соёлын төвийн асуудал байсан бөгөөд олон жил төсөвт суусан ч хасагдаж явсаар өдийг хүрсэн байсан. Энэ асуудлыг шийдүүлж 1,7 тэрбум төгрөгөөр энэ жил Соёлын төвтэй болсон. Одоо бол сумын өнгө төрх, тохижилт үнэхээр сайхан болсон. Энэ өвөл замын далимаар нэг удаа очиход шөнө гудамжны гэрэлтүүлэг нь асаад, зам харгуй нь тодроод их сайхан байна лээ.

Ер нь бол нэмэлтээр хийсэн ажил их байгаа. Тухайн үед мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй боловч ард иргэдийн хүсэлт шаардлагын дагуу орон нутагт тулгамдсан асуудлуудыг цөөнгүй шийдвэрлэсэн. Жишээлбэл, сургуулийн тохижилт, ариун цэврийн өрөөний асуудлууд, спорт заал, сумын төвийн тохижилт гэх мэт олон ажлыг энд нэрлэж болно. 2020 онд хийх ажлууд бүрэн гараагүй байна. Яагаад вэ гэвэл эрүүл мэнд, боловсролын сайдын багц задраагүй байгаа тул тэнд ямар ажлууд тусгагдсаныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан сургуулийн гал тогооны засвар, дотуур байрны засвар, сумын эрүүл мэндийн төвийн дагавар барилга болох угаалга, гараашийн барилгын засвар, зарим багаж тоног төхөөрөмжийн хангалт гэх мэт улсын төсөвт нэрчилж суугаагүй, эрүүл мэнд, боловсролын сайдын багцад суулгаад хэрэгжүүлэх ажлууд 2020 онд хэрэгжинэ.

-Сумандаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг ихээр өрнүүлэхэд гол туслагч нь хэн байв?

-УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн энэ хөрөнгө оруулалтуудыг орон нутагт тавиулах, улсын төсвийг батлуулах тал дээр онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан. 

Мөн аймаг орон нутгийн удирдлагууд маань дэмжиж, дээшээ уламжилж өгсөн. Хэрвээ дэмжиж уламжлаагүй бол дээрээ шийдвэрлэхэд бас төвөгтэй болно. Иймээс аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, бусад хүмүүстээ ч гэсэн баярласан талархсанаа илэрхийлье.   

Манай сумын өмнө тулгамдаж байсан томоохон ажлууд энэ дөрвөн жилд бүрэн хийсэн гэж хэлж болно. Сургууль, эмнэлгийн барилга л хуучин хэвээр үлдлээ. Эмнэлгийн барилга 1992 онд баригдсан ашиглалтын хугацаа дуусаагүй байгаа. Би аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа сумынхаа эмнэлгийн дээврээс ус ордог байсныг шувуун нуруутай болгож тухайн үедээ 150 сая төгрөгийн засвар хийлгэж, ямар ч шинэ эмнэлгээс дутахгүй сайхан болгосон. Сургуульд ч гэсэн засвар хийж, сайхан тохижилттой болсон. Харин өргөтгөлийн асуудал байж болно. Шинэ цэцэрлэг ашиглалтад орчихоор хуучин цэцэрлэгийн байрыг сургуулийн бага бүлэг байдлаар ашиглаад, хажуугаар нь дугуйлан сонгон хичээллүүлж болох юм гэдэг асуудлыг сумын дарга нартай ярьж байгаа.

-Мал аж ахуйгаас гадна сум орон нутгийнхаа эдийн засгийг тэлэх өөр ямар боломж танай суманд байгаа вэ?

-Баядын илүү нугаламтай ууцан сүүлт хонь гээд үржлийн цөм сүрэг Зүүнговь суманд байсан. Манай сумын малын махны чанар, гарц, амт зэрэг нь бусад сумдаас арай онцгой байдаг нь тэрхүү ууцан сүүлт хонины үлдэгдэл, үргэлжлэл юм даа. Сүүлийн үед худалдаа үйлчилгээний чиглэл хөгжсөн. Одоо жижиг дунд үйлдвэр байгуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж зах зээлд нийлүүлэх, байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй тул аялал жуулчлал хөгжүүлэх зэргээр сумын эдийн засгийг тэлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа. Ирэх жилээс энэ чиглэлээр анхаарч ажиллана. Мөн Зүүнговь сумын төвд байдаг 280 метрийн гүн элснээс ундран гарч ирдэг худгийг түшиглээд цэвэр усны үйлдвэр байгуулчихвал Увс аймгийн цэвэр усны хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. 1980 онд Ю.Цэдэнбал даргыг Увс аймагт ирэхэд Зүүнговь сумаас ус зөөж хоол ундыг нь хийж өгч байсан түүхтэй.

-За тэгэхээр таны сонгогдсон тойрогт хийгдсэн ажлаас гадна үндсэн ажлыг тань асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ энэ дөрвөн жилд хэрхэн сайжирсан бэ?

-Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 2016 оны 8-р сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд бидний тавьсан зорилго бол иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, эмчилгээ үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, эмч мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг явдал байсан. Эдгээр зорилго зорилтууд маань амжилттай хэрэгжиж, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажил үйлчилгээ өдрөөс өдөрт сайжирсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Цаг товлох үйлчилгээг 2016 оны 10-р сараас нээж ажиллуулсан нь үйлчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулсан ажил болсон. 19001507 дугаар руу ямар ч үүрэн телефоны утаснаас залгаад эмчид үзүүлэх цаг авах боломжтой. Гурван жилийн хугацаанд 9800 гаруй хүн энэ үйлчилгээг авсан байна. Лабораторийн шинжилгээг өдөрт 15 хүнээс авдаг байсныг халж өдөрт хэчнээн хүн ирнэ тэр бүгдийн шинжилгээг авдаг болгосон.

2016 оны эхний 9 сарын байдлаар 35 мянга гаруй лабораторийн шинжилгээг хийж байсан бол энэ оны 9 сарын байдлаар 79634-г хийж, шинжилгээний тоо 2,3 дахин нэмэгдсэн. Энэ нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангасан, чирэгдлийг бууруулсан ажил болсон. Мөн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд маань өөрсдөө гаднаас эм тариагаа авдаг, заримдаа тариур хүртэл гаднаас авахуулдаг байсныг бүрэн халсан. Гарцаагүй шаардлагатай хүнд өвчтнүүд манай тендерт ороогүй, зарим нэг хими эмчилгээний эмнүүдийг гаднаас авахуулдаг ч эрүүл мэндийн даатгалын шугамаар тухайн өвчтөний эмийн үнийг буцаан олгож байгаа. Дотрын тасгийн орны хүлээлт сар гаруйн хугацаанд үргэлжилдэг байсан бол одоо 7 хоног л хүлээгддэг болсон. Гэхдээ яаралтайгаар бол шууд хэвтүүлэн эмчилж байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил энэ хугацаанд хэрхэн өрнөсөн бэ?

-Эмнэлгийн орчин нөхцөлийн шинэчлэлт, засвар үйлчилгээ, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлд энэ дөрвөн жилд нийт 7,4 тэрбум төгрөг, үүнээс 2016 онд 19,4 сая, 2017 онд 1 тэрбум 21 сая, 2018 онд 1 тэрбум 26 сая, 2019 онд 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн томоохон хөрөнгө оруулалт гэвэл энэ жил 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга, хүчилтөрөгчийн цех, ханын хүчилтөрөгчийн системтэйгээ шинээр барьж байгаа. Нийтдээ 5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг барилгын ажил одоогоор 2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй явж байна.

Өнгөрсөн 2 жилд Халдвартын эмнэлгийн дээвэр, хаалга, цонх солих, гадна пасад засварлах, сантехникийн иж бүрэн засвар хийх зэрэгт 400 сая төгрөг зарцуулсан. Халдвартын тасаг маань хэрэглээний халуун устай болж, орчин нөхцөл нь илт сайжирсан. Цогцос түр хадгалах байрыг Орон нутгийн хөгжлийн сангийн 35 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа. Ариутгал халдваргүйтгэлийн тасаг, Нян судлалын лаборатори, Цусны салбар банкны барилгын засвар, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр шийдвэрлэсэн. Эмнэлгийн хог хаягдлыг түр хадгалах байр барьсан. Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх, иртэй, үзүүртэй зүйлийг нунтаглах, бутлах зориулалт бүхий багаж тоног төхөөрөмжтэй болсон.

Нэгдсэн эмнэлгийн сантехникийн засварыг 300 сая төгрөгөөр энэ онд хийж хэрэглээний халуун усны системтэй болсон. Мөн Нэгдсэн эмнэлгийн 86 модон цонхийг вакуум болгож, чулуун тавцан суулгасан. Амбулаторийн тасгийн 1, 2, 3-р давхрын плита шалыг гантиг чулуу, паркетээр шинэчилсэн. Ерөнхийдөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн өрөө тасалгаа нэг бүрт гар хүрч засвар тохижилт хийсэн.

-Нэгдсэн эмнэлэгт шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээ юу байна?

-Оношилгоо, эмчилгээнд 196 дэвшилтэт шинэ арга барил, технологийг нэвтрүүлсэн байна. Үүнээс хамгийн томоохон нь 2017 онд 3-р сард гемодиализийн тусламж үйлчилгээг нээсэн. Өөрөөр хэлбэл, бөөр нь ажиллахаа больсон, бөөрний дутагдалд орсон үйлчлүүлэгчдэд хиймэл бөөрний аппаратаар бөөр орлуулах тусламж үзүүлэх энэхүү үйлчилгээнд маань өнөөдрийн байдлаар 11 хүн ороод байна. Мөн HAL-RAR гээд шамбарамын эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн 39 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авсан энэхүү багажаар 26 хүнд хагалгаа хийгээд байна.

Цахилгаан дерматом гээд арьс нөхөх хагалгааны багажийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 30 гаруй сая төгрөгөөр авсан. Сүүлийн үед бага насны хүүхдийн түлэгдэлт их байгаа бөгөөд арьс нөхөх хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай. Одоогийн байдлаар 4 хүнд арьс нөхөх хагалгаа хийгээд байна. Тэрчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар сүрьеэгийн савханцар илрүүлдэг аппарат нийлүүлэгдсэн. Өмнө нь энэ шинжилгээний хариу 3 хоногийн дараа гардаг байсан бол энэхүү аппаратыг ашиглах болсноор 2 цагийн дотор хариуг гаргаж байгаа. Энэ аппаратаар 870 гаруй цэрэнд шинжилгээ хийснээс 27 шинжилгээ эерэг гарч эмчилгээ хийгдсэн. Мөн зөөврийн рентген аппараттай болсноор өнгөрсөн оны 10-р сараас хойш 6800 гаруй хүнд үзлэг шинжилгээ хийж, 139 уушигны эмгэг, 12 сүрьеэ илрүүлээд байна.

Манай аймагт дутуу нярайн эндэгдэл харьцангуй өндөр байсан. Энэ эндэгдлийг бууруулахын тулд шаардлагатай аппаратуудыг бүрэн нэвтрүүлсэн. Энэ бүхний үр дүнд 0-1 насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа. Мөн компьютер томографийн шинжилгээг тодосгогчтой хийдэг болсон. 2016 оны эхний 9 сарын байдлаар 188 хүнд компьютер томографийн шинжилгээ хийж байсан бол 2019 оны эхний 10 сарын байдлаар 3089 хүнд хийсэн байна. Ингэснээр тархины болоод бусад эд эрхтнүүдийн хавдрыг эрт үед нь оношлох боломжтой болсон. Одоо иргэд Улаанбаатар хот руу оношлуулах гэж биш, оношлогдсон өвчнөө эмчлүүлэхээр явдаг болсон.

Энэ жилээс эхлээд тархины гэмтлийн мэс заслын хагалгааг хийж байна. Эдгээр нь манай аймагт өмнө нь огт хийж байгаагүй шинээр нэвтрүүлсэн шинжилгээ, оношилгоо, эмчилгээний аргуудын зарим хэсэг юм.

Эрүүл мэндийн үйлчилгээг нэгтгэж харуулдаг эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүд байдаг. 2019 оны эхний 9 сарын байдлаар манай Нэгдсэн эмнэлэгт 1244 эх амаржиж, 1261 нярай эх барьж авсан. Эхийн эндэгдэлгүй ажиллаж байна. 2016 оны эхний 9 сарын байдлаар амьгүй төрөлт 9 бүртгэгдэж байсан бол одоо 4 болж таван тохиолдлоор буурсан байна. Тэрчлэн 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2016 онд 24 байсан бол одоо 12 болж хоёр дахин буурсан. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 30 байсан бол 13 болж 2,3 дахин буурсан.

Амбулаторийн үзлэг 88 мянга гаруйг хийж байсан бол 123300 гаруй болж 39 хувиар өссөн байна. Багажийн шинжилгээг 23 мянга гаруй хийж байсан бол 39200 гаруй болж 70,1 хувиар өссөн. Лабораторийн шинжилгээг 35 мянга гаруй хийж байсан бол 79,6 мянга гаруй болж 2,3 дахин өссөн бөгөөд шинээр 27 төрлийн шинжилгээг нэмж хийж байна. Мэс заслын тусламж үйлчилгээ 897-г үзүүлж байсан бол 1076 болж 20 гаруй хувиар өссөн байна. Дурангийн оношилгоо шинжилгээ гэхэд 27-г үзүүлж байсан бол 834 болж 31 дахин өссөн. Энэ мэт цөөхөн тоон үзүүлэлтийг хэлэхэд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс ард иргэдэд үзүүлж байгаа тоон үзүүлэлт 2016 оноос 2019 онд ийм хэмжээний өссөн дүнтэй байна.

-Манай аймгийн хэмжээнд ходоод, улаан хоолойн хавдрын өвчлөл өндөр бөгөөд улсад толгой цохиж яваа. Тэгэхээр эдгээр өвчлөлийг бууруулах чиглэлээр та ямар ажлыг санаачлан хийж хэрэгжүүлж байгаа вэ? 

-Увс аймагт хавдрын өвчлөл өндөр байдаг. Ялангуяа ходоод, улаан хоолойн хавдраар Монгол Улсад тэргүүлдэг. Намайг ажил авч байхад ходоодны дуран байхгүй, эвдэрсэн байдалтай байсныг засуулаад ажилд оруулсан. 2020 оныг ходоод, улаан хоолойн хавдартай тэмцэх жил болгож ажиллана. Он гарангуут ходоодны дурангийн хангалтыг сайжруулж, гурваас доошгүй дуран ажиллуулна. Нэг хүн дурандуулаад дуран ариутгах хооронд дараагийн хүн нь хүлээхгүйгээр дурандуулдаг болгоно. Ер нь бол 40-өөс дээш насныхныг жилд нэг удаа ходоод, улаан хоолойн хавдрын шинжилгээнд хамруулахаар зорилт тавьж ажиллаж байна. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргыг ходоодны дурангийн 3 сарын сургалтад хамруулж байгаа. Энэ хүн ходоодны өргөссөн венийн судсаар цус алдах үед түүнийг хавчаар тавиад зогсоодог, ходоодонд ямар нэгэн жижиг ургацаг, хавдар байлаа гэхэд түүнийг авдаг, эмчилдэг болж төгсөж ирэх ёстой. Мөн Улаанбаатар хотын 1, 3-р эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй яриад ходоодны дурангийн чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нарыг 2020 онд орон нутагтаа урьж ажиллуулахаар товлосон байгаа.

Үүнээс гадна гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нарыг орон нутагтаа авч ажиллуулахаар гэрээ хийсэн. Оны эхнээс нэг ээлжинд дөрвөн их эмч ирж сарын хугацаатай ажиллана. Нийтдээ гурван ээлжээр 12 эмч ирж 3 сар ажиллаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийдэг оношилгоо эмчилгээ, хагалгаа гээд бүх юмыг орон нутагт яг тэр хэмжээгээр хийнэ. Дутагдалтай байгаа нэг аппаратыг оны эхэнд хангачихна. Эрүүл мэндийн даатгалаар 3-р шатлалын эмнэлэгт хийдэг өвдөгний үе, түнхний үе солих, арьс нөхөх, бусад хөлдөлт, түлэгдэлтийг эмчлэх гэх мэт хагалгаануудыг орон нутагт хийнэ. Ийм төрлийн хагалгаа хийлгэх шаардлагатай иргэд Улаанбаатар явж зардал гаргахгүйгээр орон нутагтаа эмчлүүлэх боломж нээгдэж байна. Энэ нь нэг талаасаа орон нутагт эмч нар ирж ажиллаж байгаа юм шиг харагдах боловч нөгөө талаасаа эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулж байгаа юм. Цаашдаа манай эмч нар тэр хагалгаануудыг орон нутагтаа хийнэ.

Элэгний хавдрын урьдал өвчнүүдийг эрт илрүүлж эмчлэх талаар төр засгаас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр улс даяар хэрэгжиж, элэгний В,С вирусийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэж байна.

Цаашдаа 3-р шатлалд үзүүлдэг оношилгоо эмчилгээний арга технологийг орон нутагтаа үзүүлэх нөхцөл боломжоор хангахын төлөө хичээж ажиллах болно.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллах хугацаанд байгууллага маань 2017 оны ажлаараа “Аймгийн оны тэргүүний үйлчилгээний байгууллага”-аар шалгарсан бол 2018 оны ажлаараа Монгол Улсад тэргүүлж, миний бие өөрөө “Эрүүл мэндийн салбарын шилдэг менежер” гэдэг шагналыг хүртсэн. Энэ бүх амжилтыг хүртэхэд хамт олны минь хүч хөдөлмөр хичээл зүтгэл хамгаас их нөлөөлсөн гэдгийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

-Эмч нараа хэрхэн сургаж, дадлагажуулж байгаа вэ?

-Үндсэн мэргэжлээр 23, төрөлжсөн мэргэжлээр 30, мэргэжил дээшлүүлэхээр 8, нийт 61 их эмчийг урт хугацааны сургалтад хамруулсан байна. Мөн төрөлжсөн мэргэжлээр 42, мэргэжил дээшлүүлэхээр 17, нийт 59 сувилагч тусгай мэргэжилтэнг урт хугацааны сургалтад хамруулсан. Арван их эмч, 33 сувилагч тусгай мэргэжилтэн, 9 ажилтан мэргэжлийн зэрэг хамгаалсан. Гадаад улс оронд эмч 14, сувилагч 6, нийт 20 хүн сургалтад хамрагдсан. Тухайлбал, аймгийн Засаг даргын нөөцөөс санхүүжилт гаргаж, нүдний эмчийг Тайвань улсад 3 сарын хугацаатай нүдний болрын хагалгааны чиглэлээр сургасан. Мөн өнгөрсөн жил Тува улсын Кызыл хотод гэмтлийн эмч нараа 14 хоногийн хугацаатай дагалдан сургалтад хамруулсан. Клиникийн профессор шинээр 8 төрсөн байна.

2017, 2018 оны ажлаараа байгууллагын шилдгээр шалгарсан эмч, ажилтнуудыг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО, Манжуур, Хайлаарын чиглэлд 15-25 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван баг болгож, байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн зардлаар аялуулсан.

-Та их сайхан дуулдаг шүү дээ. Ингэхэд Монголын эмч нарын дунд зохиодог ямар ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Хүүхэд байхаасаа л сургуулийнхаа урлагийн тоглолтууд дээр дуулдаг байсан. Анагаахын оюутан болж очсон тэр жилдээ эмнэлгийн ажилтны урлагийн наадмаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн концертод дуулж шалгаран, Найрамдлын районы нэгдсэн тоглолтод урилгаар оролцож байлаа.

2006 онд Эрүүл мэндийн яам, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, ТВ-9 телевиз хамтран зохион байгуулсан “Оны шилдэг дуучин эмч” шалгаруулах улсын уралдаанд оролцож, тэргүүн байр эзлэн Гран при шагналыг нь хүртсэн.

Өнгөрсөн намар болсон Монголын эмч нарын 6-р их хурлын нээлт дээр “Амгалан” амаржих газрын их эмч, хүү Д.Дөлбаярынхаа хамт Төрийн ордны их танхимын тайзан дээрээс “Эмч хүн жаргалын ээж” дууг гоцлон дуулсандаа маш их баярласан. Энэ сайхан нутаг ус, ард иргэд, аав ээжийн минь буян заяа түшиж байна даа гэж үргэлж залбирч явдаг.  

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Уншигчид, Увсчууд, Зүүнговьчууд та бүхэндээ ирж байгаа 2020 ондоо амжилт бүтээл дүүрэн байж, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Танд баярлалаа.

 

 

 

Связанные новости