Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд сэтгүүлчидтэй хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийн зорилго болж, Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдаад буй Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх гол байгууллага Үндэсний хөгжлийн газрын удирдлага өнөөдөр сэтгүүлчдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар ярилцлаа.
ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх талаар төр, засгийн түвшинд хөгжлийн баримт бичгүүдэд бүрэн тусгаад буйг хэлж, хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд өргөн бариад буй "Алсын хараа 2050" хөгжлийн хөтөлбөрт мөн тусгасныг хэллээ.
Тэрээр энэ нэгдүгээр сард багтаан Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамт зохион байгуулах талаар дуулгалаа. Чуулганд НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, манай улс дахь олон улсын байгууллагууд, аймаг, орон нутгийн төлөөлөл, төр, хувийн хэвшлийн компани, ААН-үүдийн төлөөлөл өргөнөөр оролцох талаар мэдээллээ.
Чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилгын талаар тайлан, мэдээлэл сонсоод өнгөрөх бус, зорилгууд хэрэгжихэд тодорхой үр дүн гарч буй жишээг нийгэм, олон нийтэд түгээх, нийгмийн төлөөллүүд хамтран ажиллах, тодорхой нэг зорилтот төсөл хэрэгжүүлэх нь чухал буйг онцолж, нийгмийн хамтын ажиллагааны олон боломж байгаа, энд сэтгүүлчдийн оролцоо, хувь нэмэр их байгааг тэмдэглэлээ.
Уулзалтад ҮХГ-ын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицулалтын газрын дарга Л.Мөнбат, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга О.Мөнхтөр, Салбарын хөгжийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнбаяр нар оролцож санал бодлоо хуваалцлаа. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн гол, нэг дэх зорилго болох ядуурлыг устгах талаар БНХАУ-ын ӨМӨЗО-нд хийж буй ажил, гарч буй үр дүнгийн тодорхой жишээг дурдаж, энэ талын загварыг өөрийн улсын нөхцөлд нэвтрүүлэх боломжтой талаар ярилцлаа.
Б.Болд