Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын тоологч, шалгагч нарыг бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн мэдээллийг цуглуулах тоологч, шалгагч нарын сургалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаангом хотноо боллоо.
Энэхүү сургалтад 140 иргэн хамрагдсанаас 96 тоологч, 26 шалгагчийг
шалгаруулж авах юм байна. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын
товыг 2020 оны 1-р сарын 8-ны 00:00 цагаар тогтоон зураг авалт хийж, тов
хүртэлх хугацаанд байсан бүх өрх, хүн амын мэдээллээр ХАӨМС хаагдах юм байна.
Тухайн хаагдсан ХАӨМС-гаас хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг 100 хувь
бүртгэлийн аргаар татаж гаргах аж.
“2020 оны 1-р сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн
зэрэг санд байгаа өрх, хүн амын арван хувийг түүвэрлэн авч уламжлалт аргаар,
тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулна.
Энэхүү асуулгын хуудсаар авсан тооллогын мэдээллийг хаагдсан ХАӨМС-тай тулгалт
хийн, чанарыг шалгаж хүн ам, орон сууцны тооллогын дүнг нэгтгэн гаргаж
танилцуулах юм. Хүн ам өрхийн мэдээллээ айл өрх, иргэн бүр Registration.nso.mn
хаягаар орж шалгах, эсвэл харьяа сум, багийнхаа засаг дарга дээр очиж шалгаж
баталгаажуулснаар иргэд та бүхэн төрдөө үнэн бодит мэдээллээр тоологдож
бүртгэгдэнэ” хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг хэллээ.
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэгдсэн
тоологч нар сонгогдсон айл өрхүүдээр явахад иргэд гэртээ нэвтрүүлж үнэн зөв
мэдээллийг өгөх үүрэгтэй гэж Хүн ам, орон сууцны тухай хуулинд заажээ.