МАН-ын бүлэг тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-09 10:37:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагт хуралдахаар товлосон байна.


Тус бүлэг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Уг хуулийн төсөлд Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж 228.6 мянган ахмадын нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийг төлөх асуудлыг тусгасан. УИХ-ын чуулганы өчигдрийн буюу энэ сарын 8-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжээд буй юм.

Тэтгэврийг зээлтэй ахмадуудын 91 хувь нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй бол үлдсэн хэсэг нь 7-30 хүртэлх сая төгрөгийн зээл авчээ. Тиймээс нийгмийн тэгш байдлыг хангах үүднээс зургаан сая төгрөгийн зээлийг төрөөс чөлөөлж, үлдсэнийг нь өөрсдөөр нь төлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүд болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг чуулганы хуралдааны үеэр онцолж байсан юм. Түүнчлэн зээл аваагүй ахмадуудад Салхитын мөнгөний ордын ашгийг хүртээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг мөн илэрхийлж байсан. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр уг хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэхээр товлоод буй юм.

Связанные новости