“Мөнхбишрэлт” ӨЭМТ-ийн үйлчилгээнд иргэд бухимдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-10 16:18:12

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 12-р багт Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж өнгөрсөн намар ашиглалтад оруулсан. Ингэхдээ “Мөнхбишрэлт” өрхийн эмнэлгийн бүтцийг төв болон салбар өрхийн эрүүл мэндийн төвүүд болгон өргөжүүлж, 6, 10 багийн иргэдийг хуучин буюу салбар “Мөнхбишрэлт өрхийн эмнэлгээс үйлчилгээ авахаар, харин шинэ буюу төв “Мөнхбишрэлт өрхийн эмнэлгээс 8, 9, 12-р багийн иргэд тусламж үйлчилгээгээ авахаар зохицуулалтыг хийсэн байна. Гэвч энэ байдал нь иргэдийг хоёр тийш явуулж чирэгдүүлсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүйд хүргэж байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа аж.

“Мөнхбишрэлт эмнэлгийн үйл ажиллагааг салбар, төв болгон хувааж, шинээр барьсан эмнэлгээ жишиг Өрхийн эрүүл мэндийн төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Салбар өрхийн эмнэлэг дээр 6, 10-р багийн иргэд хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлдэг, үзлэгээ хийлгэдэг, эм тариа хийлгэдэг, харин бусад ванкцинжуулалт, сэргээн засах эмчилгээг нөгөө эмнэлэг дээрээ авдаг зохицуулалтыг хийсэн. Гэвч иргэдийн хувьд бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүйгээс болж нааш цааш явсан, бухимдсан асуудал гарсан байна. Иймээс тус өрхийн эмнэлгийн хамт олныг үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлж, дотоодын зохион байгуулалтаа зөв зүйтэй хийж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг тасалдуулалгүй явуулах талаар үүрэг чиглэл өгсөн” хэмээн Аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр хэллээ.

Связанные новости