Монгол тээвэрчид 16 улс руу тээвэр хийх боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ 2016 оноос Европын Холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй. Энэ хүрээнд Унгар, Литва улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Польш, Герман, Чех, Гүрж, Словак улстай олон улсын авто тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцжээ. Ингэснээр манай тээвэрчид нийт 16 улс руу тээвэр хийх боломжтой болсон талаар өнөөдөр ЗТХЯ-аас мэдээллээ.
Түүнчлэн Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай тээвэрчид ОХУ-аас БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл авто тээвэр гүйцэтгэж эхлээд байна. Тодруулбал, "Туушин" ХХК-ийн 4 тээврийн хэрэгсэл энэ сарын эхээр ТИР карнейг ашиглан Эрхүү-Улаанбаатар-Тяньжин чиглэлд анхны тээврээ хийжээ.
ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга: "Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2016 онд байгуулсан бөгөөд уг хэлэлцээр 2019 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хэлэлцээр далайд гарцгүй манай орны хувьд маш чухал ач холбогдолтойгоос гадна, Ази-Европын хооронд хийгдэх дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам тул манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэж тооцож байна" гэв.
2016 онд Европын улсуудаас Монгол Улс руу хийж буй нийт ТИР тээвэрлэлтийн 1 хувийг Монголын тээвэрчид гүйцэтгэж байсан бол 2018 онд 13.3 хувийг гүйцэтгэжээ.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам: "Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ээр Азийн авто замын сүлжээний АН-3 буюу ОХУ-ын Улаан-Үд хотоос Улаанбаатар хотоор дамжин БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл, АН-4 буюу ОХУ-ын Новосибирск хотоос Баян-Өлгий, Ховд аймгаар дамжин БНХАУ-ын Хонгираф хилийн боомт хүртэл тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой" гэлээ.
БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй, ачаа илгээгч болон хүлээн авагч талтай тээвэрлэлтийн гэрээ хийсэн, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчид "АТҮТ" ТӨҮГ- т хандан зөвшөөрлийн бичиг авснаар тээвэр хийх бүрэн боломжтой юм. Гурван улс жилд тус бүр 200 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвшөөрлийг тоог нэмэх аж.
Манай улс одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украйн, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг 16 улстай авто тээврийн салбарт хамтран ажиллаж байна. Цаашид Франц, Итали зэрэг улстай энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойг салбарын яам онцлов.