Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого өнөөдөр дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого өнөөдийн (2020.1.15) 22.00 цагт дуусна.
Хүн ам, орон сууцны тооллогын явц өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 82.5 гаруй хувьтай байсан талаар ҮСХ мэдээлж байна. Улсын хэмжээнд 2982 тоологч түр товчоодтой нийлээд 5000 гаруй хүн анхан шатанд ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой.
Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр “Тоологдов” гэрчилгээг авч байна. Тооллогын үндсэн үр дүнг 5-6 сарын хугацаанд боловсруулна.
Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрчээ.