Майкл Вайссыг МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-25 11:47:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ханс Майкл Вайссыг хүлээн /01.24/ авч уулзахдаа Монголын хөлбөмбөгт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагналаа.


Тэрбээр МХБХ-ны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан бөгөөд герман мэргэжилтэн Х.М.Вайссын гэрээ өнөөдөр дуусаж ажлаа хүлээлгэн өгч байгаа юм.


МХБХ анх герман мэргэжилтэнтэй 1 жилийн гэрээ хийсэн юм. Тэрбээр 2017-2018 онд Үндэсний шигшээ багийг удирдан 11 тоглолтод оролцож Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ний урьдчилсан шатны эхний давааг амжилттай давсан. Улмаар Тайваньд болсон  II шатанд БНАСАУ, Тайвань, Хонконгийн хүчтэй багуудтай өрсөлдөөнтэй тоглолт үзүүлсэн. Энэхүү амжилтад үндэслэн герман мэргэжилтний гэрээг дахин нэг жилээр сунгасан.


Уг шийдвэрийн үр дүнд “Катар-2020” хөлбөмбөгийн ДАШТ-ний эхний шатанд Бруней улстай учраа таарч хоёр тоглолтын нийлбэр 3:2-ын харьцаагаар цааш шалгарч Япон, Киргиз, Тажикистан, Мьянмарын шигшээ багуудтай нэг хэсэгт орж 6 тоглолт хийхдээ энэ шатны анхны хожлоо авсан юм. Дасгалжуулагч Майкл Вайссын удирдлага дор Үндэсний шигшээ баг албан ёсны 19 тоглолтыг хийж Макао, Мьянмар, Умард Марианы Арлууд, Бруней, Лаос зэрэг улсуудыг буулган авч Япон, Киргиз, Тажикистан зэрэг чансаа дээгүүр багуудтай эн тэнцүү өрсөлдсөн билээ.


Монгол залуус тивийнхээ аль ч багийн эсрэг хүчтэй өрсөлдөх чадвар, боломж байгааг энэ дасгалжуулагчийн хөдөлмөр, зүтгэл харуулж чадсан гэдгийг МХБХ үнэллээ.

Связанные новости