Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд байгуулах төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болжээ. Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс эрчим хүчний системийн тохируулга хийх, бие даасан байдлаа нэмэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар боллоо.