Бөхчүүдийн допингийн асуудлаар АТГ-т албан тоот илгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-31 15:15:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн хүрээнд гарч буй допингийн асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны дэд тэргүүн Ц.Магалжав пүрэг гарагт /2020.01.30/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-т албан тоот илгээсэн байна.


Улсын баяр наадамд сүүлийн жилүүдэд амжилттай барилдсан 38 бөхөөс допингийн зөрчил илэрсэн, нэр бүхий улсын аварга цолтой бөх допингийн төрлийн бодис худалдан авч нутгийн бөхчүүддээ худалддаг гэх мэдээлэл цацагдсан асуудлыг шалгуулах хүсэлтийг МҮБХ-ноос АТГ-т хандан илгээжээ.


Уг албан тоотод “Допингийн талаарх үнэн худал нь мэдэгдэхгүй асуудлууд яригдаж байгаагийн нэг нь 2010 -2019 оны Улсын баяр наадмуудад шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс 38 бөх нь зөрчил гаргасныг Биеийн тамир спортын газрын нэр бүхий хоёр эмч Үндэсний их баяр наадмын Зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороонд орж ажиллах явцдаа нуун дарагдуулсан гэх ноцтой хэргийг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл тархаад байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба нарын бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, дээрх 38 бөхийн талаарх мэдээллийг яаралтай авахаар 264 бөхийн гарын үсэг бүхий мэдэгдлийг МҮБХ-нд өгөөд байна.


Мөн сүүлийн өдрүүдэд “Стар” телевизийн захирал Ш.Батбаяр болон продюсер Я.Учрал нар нэр нь үл мэдэгдэх залуучуудыг өөрсдийн нэвтрүүлэгт оролцуулж, аварга цолтой нэг бөх тэднээс “2019 оны наадмын өмнө зургаан сая төгрөгийн үнэтэй допингийн төрөлд багтдаг тариаг худалдан аваад одоо болтол төлбөр тооцоо хийхгүй байгаа” гэсэн зүйл ярьсан нь монгол бөхийн болон одоо ид барилдаж байгаа бөхчүүдийн нэр хүндэд халдсан ноцтой үйлдэл болоод байна.


Иймд танай байгууллагад шалгаж байгаа допингтой холбоотой хэрэг болон дээрх хоёр ноцтой мэдээллийн талаар яаралтай шалгаж, манай холбоонд хариу өгч тусална уу” гэжээ.

Связанные новости