Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-02-02 18:11:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өнөөдөр тохиож байна.  

Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, Ардын засгийг үндэслэн байгуулсан тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эгэл ард Дамдины гэрт мэндэлжээ. Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг авч ирсэн түүхэн гавьяатай хүн гэдгээр нь монголчууд сайн мэднэ. 

Хувьсгалыг удирдагч, Монголын улс төрийн ууган хүчин МАН-ыг үүсгэн байгуулагч, Их жанжин Д.Сүхбаатар нь 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 онд Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор, 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор тус тус шагнаж байжээ.


Жил бүрийн энэ өдөр монголчууд Ардын Хувьсгалын их удирдагчаа дурсан их жанжныхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн МАН-аас Д.Сүхбаатарын үйл хэргийг ирээдүй хойчдоо үнэн бодитоор сурталчлан таниулах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгох, мөн эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, эссэ бичлэгийн уралдаан зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Харин энэ жилийн хувьд Улсын Онцгой комиссоос ирэх сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан. Тиймээс дээрх үйл ажиллагааг зохион байгуулах боломжгүй болж буйг МАН-аас мэдээллээ. 


Связанные новости