Монголын жүдочид БНСУ-ын жүдочидтой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-05 16:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/ БНСУ-ын Жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.


Санамж бичигт Монголын жүдо бөхийн холбооны Тэргүүн дэд  ерөнхийлөгч, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, БНСУ-ын Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чүль нар гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.


“Хоёр улсын жүдо бөхийн холбоод хамтран ажиллах дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бид хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажил хийнэ. Юуны өмнө Монголын жүдогийн шигшээ багийг БНСУ-д урьж, хамтарсан бэлтгэл хийх, солонгос жүдочдыг Монголд бэлтгэлд хамруулах талаар тохиролцсон. Мөн 2020 дөрөвдүгээр сард Улаанбаатарт Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай шигшээ баг оролцоно. Тэмцээний дараа Хойд Солонгосын шигшээ багийг урьж, гурван улсын хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байна” хэмээн БНСУ-ын Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул онцоллоо.

Ноён Чо Ён Чүль бол 1984, 1988 оны олимпын наадмын жүдо бөхийн хос хүрэл медальт, 1985 оны дэлхийн аварга алдартай жүдоч юм.


Монголын жүдогийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар: ”Энэ жил Монгол, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд хоёр улс олон ажил хамтран зохион байгуулж байгаа. Төрийн дээд түвшинд хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ ард иргэд, олон нийтийн түвшинд шууд харилцаа холбоог дэмжиж ажиллах болно. Соёл урлаг, боловсрол, спортын чиглэлд хамтын ажиллагаагаа чухалчилж ажиллана. Спортын хамтарсан бэлтгэл хийх, тамирчин, дасгалжуулагч солилцох, ялангуяа Токиогийн олимпын бэлтгэлд чухал ач холбогдолтой. Мөн хамтарч хөдөө орон нутагт спорт, эрүүл сэтгэлгээг хөгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегт айлчлахдаа ярьсан хамгийн гол сэдвийн нэг нь спортын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монголд хөгжүүлэх явдал байв. Жүдо бөх хүнийг тэгш хүмүүжүүлдэг, багш, өрсөлдөгч, дэвжээгээ хүндэтгэж сургадаг ухаалаг спорт. Гэрээ ёсоор нэгд, туршлагаа хуваалцаж, дасгалжуулагч, тамирчин солилцон хамтарсан бэлтгэл хийнэ. Хоёрт, хөдөө орон нутагт жүдо бөхийн шинэ клуб, дожё байгуулахаар ярилцсан” гэлээ.

Связанные новости