ОХУ-аас шилжүүлж авсан байрыг оршин суугчдад нь хувьчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, ОХУ-аас үнэгүй шилжүүлж авсан орон сууцыг оршин суугчдад нь хувьчлахаар болов.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/ хувьчлах бэлтгэл хангаж II улиралд Засгийн газарт танилцуулна. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооллын XVII байр, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр, “Ээрмэл” ХХК, ГЕГ, “Талх чихэр” ХХК-ийн байрыг, МУИС-ийн ажилтан албан хаагч болон бусад иргэд, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. Иргэд байраа хувьчилж авах хүсэлтээ өнөөг хүртэл удаа дараа гаргаж байв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахаар баримт бичигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлсэн юм.
Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 590 гаруй орон сууцыг цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах, хувьчлахыг зөвшөөрөв. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, дөрвөн хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь бусдын байр, хашаанд амьдарч байна.