Шадар сайд Увс аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 16-аас 17-нд Увс аймагт ажиллалаа.
Албаныхан энэ сарын 16-нд Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.
Увс аймгийн хувьд зудын эрсдэлийн үнэлгээгээр 60 орчим хувьд нэн их, 40 орчим хувьд бага эрсдэлтэй байгаа аж. Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өндөрхангай, Тариалан, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом сумаар нэн их буюу их эрсдэлтэй байна.
Аймгийн хэмжээнд 3625 толгой мал хорогдсон, мал
аж ахуйн салбарын өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн өвс, тэжээлийн
нөөцөөс 230 тонн өвс, 60 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгоод байна.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, ард иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 162 сая төгрөгийг зарцуулаад байгаа аж.
Мөн гамшгаас
хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Гамшгаас
хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилгоожуулан бэлтгэл,
бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
Орон нутгийн
удирдлагуудын зүгээс “Шуурхай бүлэг”-т аймгийн Онцгой байдлын газарт шуурхай
албаны фургон автомашиныг шийдвэрлэх, Бөхмөрөн сум дахь Улсын нөөцийн цэгт
тэжээлийн агуулах барих хөрөнгө болон эрүүл мэндийн байгууллагуудын эм,
эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шадар сайдад уламжлалаа.
Шадар сайд, Улсын
онцгой комиссын дарга Ө.Энхтүвшиний зүгээс аймгийн Засаг дарга,
сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар
тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллах, халдвараас
урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг
тухай бүр шуурхай шийдвэрлэхийг үүрэг, чиглэл болголоо.