ЭМЯ: БНХАУ-аас бусад оронд “Ковид-19” халдварын тоо өссөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-21 12:53:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19” халдварын тоо БНХАУ-аас бусад оронд нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн 24 цагийн дотор БНСУ-ын Дэгү хотод 56 тохиолдол нэмж бүртгэгдсэн хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, БНСУ-д халдварын тохиолдол эрчимтэй өсөн 24 цагийн хугацаанд тоо гурав дахин нэмэгдлээ. Монгол Улсын 48 мянган иргэн тус улсад ажиллаж, амьдарч байгаа. “Ковид-19” халдварын 80 хувь нь Дэгү хотод бүртгэгдсэн. Тиймээс тус улсад ажиллаж амьдардаг иргэд БНСУ, Монгол Улсын ЭМЯ-ны заавар зөвлөмжийг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Иргэд “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн орон руу зорчихгүй байх, зорчсон бол 14-21 хоног өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүх шаардлагатай. Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй” гэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат: Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 23-ны 8.00 цагаас 27-ны 8.00 цаг хүртэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор замгүй газар, уулын замаар явж, өөрийн болон гэр бүл, хамт яваа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байхыг иргэдэд анхааруулъя. Сар шинийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учир шинийн нэгний өглөө уул хаданд гарах, олон хүнтэй айлд орж золгохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: БНСУ-ын Дэгү хотоос “Бусан-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор өчигдөр орой ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авсан. Шинжилгээний хариу гараагүй байна. Тус хотод бүх шатны сургуулиа хаагаад, дуудсан цагт ирээрэй гэсэн байна. Тиймээс монгол оюутнууд эх орондоо ирсэн. Тэдэнд одоогоор халуурах, цээжээр хатгах зэрэг шинж тэмдэг илрээгүй. Мөн Завхан аймагт нэг иргэнийг  тусгаарлаад байна.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: БНХАУ-д өнөөдрийн байдлаар шинэ коронавируст халдварын 75 мянга 777 тохиолдол, 2129 нас баралт бүртгэгдсэн бол 18 мянга 28 хүн эдгэрсэн. Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Тиймээс тохиолдлын тоог дахин лабораторийн шинжилгээ хийж бүртгэхээр болсон. 

П.Хүслэнтуяа




Связанные новости