"Бүх нийтийн гүйлт" 11 дэх жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулах “Бүх нийтийн гүйлт-2025” энэ сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
11 дэх удаагийн “Бүх нийтийн гүйлт”-д бүх түвшний гүйгч, алхагч, тэргэнцэртэй оролцогч оролцох боломжтой бөгөөд нийгмийн хамтын оролцоог бий болгоход онцгой хувь нэмэр оруулдгаараа онцлогтой. Гүйлт нь 10, 21, 42км зай, энгийн болон пара төрөлд оролцогч эрэгтэй, эмэгтэй эхний гурван байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагналтай. Харин 5 км-ийн нийтийн гүйлт нь насны ангилалгүй бөгөөд эхний 10 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагнал олгох ажээ.
Бүх нийтийн гүйлтийн үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд олон нийтийг эрүүл мэндийн дадалд уриалах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өдөрлөгт нийтийн биеийн тамирыг дэмжих болон иргэдийн зөв зохистой хооллолтын мэдээлэл өгөх зорилгоор фитнесс, спиннинг, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр болон бусад чиглэлийн танилцуулах үйл ажиллагаа явуулах юм байна.
Үүнээс гадна марафонд оролцогчид, олон нийтэд тус гүйлтийн үйл ажиллагаас таниулахаас гадна хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэм дэх ойлголт, хүмүүсийн хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцааг нь спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой экспо маргаашаас эхлэн гурав хоног явуулахаар болсныг зохион байгуулагчид онцоллоо.