Нийтийн тээвэр ажлын өдөр өглөө, орой үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг 3 дугаар сарын 2-ныг дуустал сунган дахин хязгаарлаж, нийслэлийн нийтийн тээвэр мөн хугацаанд үйлчлэхгүй байхаар УОК-ын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.
Гэвч 27-ноос ажлын өдрүүд эхэлж буй тул энэ талаар Нийслэлийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн нийслэлийн нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үед буюу өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагт хүртэл тусгай хуваарь гарган бүх чиглэлдээ үйлчлэхээр болов.
"Тусгай хуваарь гэдэг нь нийтийн тээвэр өглөө, орой ажил цуглах, тарах үед маршрутынхаа дагуу явж, харин өдрийн цагаар хязгаарлалттай үйлчилнэ гэсэн үг. Автобус хангалттай явна” гэж Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх тодрууллаа. Харин энэ бямба, ням гарагт нийтийн тээвэр үйлчлэхгүй. Нийтийн тээврийн энэхүү хэсэгчилсэн цагийн хязгаарлалт нь 2 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн 06.00 цагаас 3 дугаар сарын 3-ны мягмар гарагийн 06.00 цаг хүртэл үргэлжлэхээр боллоо.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж буйтай холбоотойгоор энэ ажлыг төрийн албан хаагчид, үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдад саад учруулахгүй байхаар зохицуулж, зохион байгуулахыг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт үүрэг болгож байна" гэлээ.