Асуумжид үнэн зөв хариулахыг зорчигчдод уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оргил-Налайх" авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор хот руу орох, гарах зорчигчдоос хаанаас гарсан, хаа хүрэх, хэдүүлээ яваа талаар асуумж авч байна.
Нийслэлийн Засаг
даргын захирамжийн дагуу, нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэл дэх 6
шалган нэвтрүүлэх товчоонд жолооч болон зорчигчдоос хаанаас ирж байгаа, хаана
очих тухай мэдээлэл бүхий асуумж авч эхэлсэн. Тиймээс эл асуумжийг
"Оргил-Налайх" авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин явах
автомашин тус бүрээр, зорчигчийн тооноос хамаарч 10-30 секундэд багтаан авч байгаа юм.
Цуглуулсан мэдээллийг машин, зорчигч тус бүрээр нэгтгэн
цахим хэлбэрт шилжүүлэн, дата үүсгэх бөгөөд аливаа эрсдэл, “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн
халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, улмаар иргэдийн дотоодын
шилжилт хөдөлгөөнийг хянах зэргээр ашиглах зорилготой аж.
Уг асуумж нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг
хамгаалахад чухал ач холбогдолтой тул тус товчоогоор нэвтрэх зорчигчид алба хаагчдын шаардлагыг
биелүүлж, цааргалж төвөгшөөлгүйгээр асуумжид идэвхтэй, үнэн зөв хариулахыг албаныхан уриаллаа.