Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн.
Тус өдрийг дэлхийн улс орнууд энэ жил "Аялал жуулчлал
ба тогтвортой шилжилт" уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн аялал
жуулчлалын өдрийг тохиолдуулан Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн
аялал жуулчлалын газар хамтран "Outbound travel mart 2025" гадаад
аяллын өдөрлөгийг энэ сарын 26-нд төв талбайд зохион байгууллаа. “Хариуцлагатай
монгол аялагч-Гадаадад хэрэгжүүлцгээе” уриан дор зохион байгуулсан өдөрлөгийн
хүрээнд аяллын цогц мэдээ мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авах боломжийг иргэдэд
олгосон аж.
Испани улсад анх 1979 онд
болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн III чуулганаас
энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр хэмээн зарлаж байв.
Дэлхийн аялал жуулчлалын өдөр нь аялал жуулчлалын салбарын үнэ цэн, нийгэм, эдийн засаг, соёл, байгаль орчин, улс орнуудын хамтын ажиллагаа, найрамдлыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг хамтдаа тэмдэглэн хүндэтгэх чухал өдөрт тооцогддог.