Сумо бөхийн тэмцээн 75 жилийн дараа 2 дахь удаагаа үзэгчгүй ордонд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо эхлэх мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын буюу Хаврын тэмцээний талаар Японы сумо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн ням гарагт хэлэлцэж, тус тэмцээнийг 15 хоногийн турш ордонд үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Хаврын тэмцээний тасалбар бүрэн зарагдаж дууссан бөгөөд үзэгчдэд тасалбарын мөнгийг буцаан олгохоор болов. Харин тэмцээнд хүчээ сорих бөхчүүд болон засуул, ояката нараас хэн нэг нь коронавирусний халдвар авсан тохиолдолд энэ удаагийн тэмцээнийг шууд цуцална гэдгээ Японы сумо бөхийн холбоо /JSA/-ноос зарлалаа.
Ташрамд дуулгахад, БНХАУ-д
анх илэрсэн шинэ төрлийн коронавирусний халдвар Японд хурдан тархаж байгаа
учраас Ерөнхий сайд Абэ Шинзо ард түмний эрүүл мэндийг хамгаалах үүднээс хоёр
долоо хоногийн хугацаанд спорт, урлагийн томоохон тэмцээн, уралдаан болон
тоглолтыг зохион байгуулахгүй байх, зохион байгуулсан ч олон түмний хамрах хүрээг
нь хумих үүрэг өгсөн юм. Өмнө нь 1945 онд зуны тэмцээн дэлхийн дайны улмаас
үзэгчгүй явагдсан түүхтэй аж.