Зудын эрсдэлээс хамгаалах яаралтай тусламжийн төсөл хэрэгжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-аас малчдын амьжиргааны эх үүсвэрийг хамгаалах, эрт арга хэмжээний яаралтaй тусламжийн төслийг хэрэгжүүлж байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор гаргасан зудын эрсдэлийн зургийг үндэслэн HҮБ-ын ХХААБ-аас “Зудын эрсдэл ихтэй бүс нутгийн зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааны эх үүсвэрийг хамгаалахад арга хэмжээ эрт үзүүлэх нь” хүмүүнлэгийн яаралтай тусламжийн төслийг эхлүүлжээ.
Уг төслийн хүрээнд Дундговь аймгийн 10, Дорноговь аймгийн
5, Төв аймгийн 5, Баян-Өлгий аймгийн 2 сумын, цөөн тооны малаас өөр амьжиргааны
эх үүсвэргүй олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон зэрэг нийгмийн
зорилтот бүлгийн хөдөлмөрийн насны 450 малчин өрхөд хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээ буюу нийт 420,000 төгрөгтэй дүйцэх бэлэн мөнгөний болон малын сувиллын
багцыг олгожээ. Мөн Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн 16 сумын Засаг даргын
тамгын газарт улсын аюулгүйн нөөцөөс сум тус бүрт хуваарилсан өвс,
тэжээлийг тухайн сумдын бүх малчин өрхийн хотонд тээвэрлэн хүргэх зардлыг олгож
байгаа аж. НҮБ-ын
ХХААБ-аас хүргэж буй энэ удаагийн хүмүүнлэгийн тусламжийн үр шимийг дээр
дурдсан 5 аймгийн 38 сумын 6500 малчин өрх хүртсэнээр 32 мянга гаруй хүний
амьжиргааны эх үүсвэрийг хамгаалах юм байна.
Уг төслийг “Шведийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг /Swedish International Development Cooperation Agency/-ийн 120,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүллээ хэмээн НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээлэв.