Дамбадаржаагийн дулааны станцыг ирэх онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-25 14:56:31

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Дамбадаржаа дулааны станцын барилгын ажлыг гэрээний дагуу 2026 оны наймдугаар сард дуусгаж, есдүгээр сараас туршилт тохируулгыг эхлүүлнэ.


НЗДТГ, Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийг сайжруулахаар 63 МВт суурилагдсан чадалтай дулааны станцын барилга угсралтыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн билээ. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд барьж буй тус станц нь эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологи бүхий 3х21МВт хүчин чадал бүхий зуухтай. Зуухны ашигт үйлийн коэфицент 86 хувь бөгөөд хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр, шохойн чулуу ашиглан 95–98 хувь хүртэл багасгах, байгальд ээлтэй шийдэлтэй юм.


Станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац ажиллаж, одоогоор хийх ажлынхаа 40 орчим хувийг гүйцэтгээд байна. Нүүрсний агуулах, үндсэн зуух, конвейер, захиргаа аж ахуй, хими ус бэлтгэл, механик цехийн зэрэг 10 гаруй үндсэн болон туслах барилгын газар шороо, төмөр бетон суурийг хийсэн. Мөн 86 метр өндөр цутгамал төмөр бетон утааны яндангийн цутгалт, өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийг хийж дуусгажээ.


Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжийн гадаад захиалгыг хийж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлжээ. Одоогоор зуухны рам угсралт, бусад барилга байгууламжийн +0.00 түвшнээс дээших металл бүтээцийн угсралтыг эхлүүлсэн. Гүйцэтгэгч байгууллага нь 2025–2026 оны өвөл металл хийцийг угсарч, барилгуудыг бүрэн битүүлэхээр ажиллаж байна. 

Связанные новости