Бөхмөрөн суманд 24 цагийн хяналтын цэгүүд ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-03-10 17:31:03

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Бөхмөрөн сумын Онцгой комисс өнөө өглөө хуралдаж, сумаас гарах, орох дөрвөн чиглэлд хяналтын цэг байгуулан 24 цагаар мөн гурван чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа аж.

Коронавирусний халдвараар өвчилсөн Францын иргэнтэй хамт нэг онгоцонд зэрэгцээ суудалд сууж Монголд ирсэн Английн 67 настай иргэн энэ сарын 5-ны өдөр “Аэро Монголиа” компанийн онгоцоор Улаангомд ирж, улмаар Бөхмөрөн суманд очсон байна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн өдрийн хугацаанд Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутагт байрлах Ямаат ууланд байгалийн зураг авалт хийжээ. Түүнтэй хамт жолооч, орчуулагч гэх мэт дөрвөн хүн хамт яваа бөгөөд тэд Бөхмөрөн сумын байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатарын илүү гэрт байрласан байна.

“Одоогоор Бөхмөрөн сумаас хоёр гэр гаргаж, байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатарын гэрийн гадна барьж байгаа. Тухайн гэрт аймгийн төвөөс ирэх мэргэжлийн анги бүлгийн хүмүүс байрлаж, Английн иргэнээс шинжилгээний дээж авах юм. Тухайн газар нь сумын төвөөс 60 гаруй км алслагдмал бөгөөд Түргэн уулын Дархан цаазат газрын Ямаат хэсэгт хамаардаг.

Өнгөрсөн 4 хоногийн хугацаанд сум руу орж, гарсан хүмүүсийн судалгааг бид гаргаж байна. Одоогоор ямар нэгэн өвчтэй хүний шинж тэмдэг манай суманд хараахан илрээгүй байна. Ямар ч байсан орон нутгийн зүгээс хийх ёстой шаардлагатай арга хэмжээг бид авч ажиллаж байна” хэмээн Бөхмөрөн сумын Засаг дарга Т.Төртогтох хэллээ.

Связанные новости