Их аварга Хакүхо М.Даваажаргал 3 даваатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо сумогийн ордонд өнөөдөр үзэгчгүй эхэлсэн мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 3 дахь өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Такаясүг ёрикири /Магаэшира-1/ мэхээр хаяж 3 даваатай болов.
Харин 69 дэх Их аваргатай хамт 6 сумоч 3 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Сумогийн ордондоо үзэгчгүй болж байгаа энэ башёд 1 унаатай яваа 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Окиноүмиг /М-2/ ёрикири мэхээр унагаж 2 даваатай болов. Хару башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, Комүсүби Эндог цукидаши мэхээр давлаа.
Сэкиваке Асанояма, Дайэйшог /М-3/ ошидаши мэхээр хаяж 3 дахь даваагаа авсан бол Сэкиваке Шодай, Митакэүмид ошидаши мэхээр унаж, 2 даваатай болж, Митакэүми унаагүй байна. Комүсүби Хокүтофүжи Токушёорюүг /М-2/ ошидаши мэхээр давж 2 даваа, 1 унаатай болов.
Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил
/М-7/, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар учраа бөхдөө унаж хоёул 2 унаатай байгаа
бол Азүмарюү /М-16/ С.Тодбилэг энэ өдөр Нишигикиг /М-14/ хатакикоми мэхээр давж
2 даваа, 1 унаатай байна.