Цагааннуурын боомтоор ачаа тээвэр хэвийн явагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-24 18:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын баруун хойд бүсийн хилийн Цагааннуур-Ташаантын боомтоор зорчигчдыг 3 дугаар сарын 23-наас нэвтрүүлэхгүй болсон. Харин ачаа тээвэр хэвийн явагдаж байна. 

МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагчийн удирдамжаар тус шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн хяналтын байцаагч нар хилийн хяналтын байгууллагуудын ажилтай танилцаж заавар, зөвлөгөө өгөв. 

Тус боомтод ачаа, тээврийн хэрэгслийг бүрэн ариутган халдваргүйжүүлэн нэвтрүүлж байна. Боомтод мөрдөх журмыг чангатгаж хил, хяналтын алба хаагч, ажилтнуудын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг мэргэжлийн байгууллага хянан ажиллаж байна. 


Зорчигчдыг хамгийн сүүлд нэвтрүүлсэн 3 дугаар сарын 23-нд ОХУ-аас орж ирсэн 33 зорчигчийг (үүнд 13 монгол оюутан, ачаа тээврийн ээлжийн жолооч нар, бусад иргэд орсон) хүлээн авч, биеийн халууныг нь хэмжих, тандалт судалгаа хийх, асуумжийн хуудас бөглүүлэх, тээврийн хэрэгсэл болон ачааг ариутгах ажлуудыг заавар, журмын дагуу гүйцэтгэж, зорчигчдыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд бэлдсэн тусгаарлах, ажиглах байранд оруулаад байна.

Тухайн өдөр ОХУ-аас нэвтэрсэн зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүйг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж байна. 




Связанные новости