Индонезид тэмцээнд оролцсон охид эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонезид тэмцээнд оролцоод эх орондоо ирж чадахгүй байсан гурван охиныг Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор өнөөдөр авчирчээ.
Индонез улсад талбайн теннисний 16 хүртэлх насны "Fed Cup" тэмцээнд оролцсон гурван охин дасгалжуулагчийнхаа хамт эх орондоо ирж чадалгүй 40 гаруй хоноод байсан юм. Тэдгээр охидын аав ээж нар охидоо авчрахад тусламж хүсэж УОК-ын дарга Ө.Энхтүвшинд энэ сарын 1-нд захидал хүргүүлж байв.
Тамирчин Ч.Маралгоо, Х.Номин, Г.Есүгэн нар 2 дугаар сарын 23-нд эхэлсэн дээрх тэмцээний эхний тойрогт Гуам улсын багийг 3-0-ээр хожсон байна. Гэвч шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас тэмцээн зогсжээ.
Харин Японы Шизоука мужид паралимпын шугамаар дасгал сургууль хийж байгаа манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Японы талаас түр үлдээж дараагийн нислэгээр авахыг хүссэн байна. Тэднийг Японы талаас байр, хоолоор хангаж, бэлтгэл сургууль хийх боломжоор хангаад байгаа аж.
Дээрх тусгай онгоцоор хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай 266 иргэнийг Токиогоос эх оронд нь авчирсан юм.