Монголын хамгийн том нуур цөнгөө түрэх цаг ойртсоор

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-20 16:17:41

Увс /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5-р сарын дундуур манай орны хамгийн том нуур болох Увс нуур цөнгөө түрдэг. Увс нуурын мөс нь өвлийн улиралд 1 метр өнгөрүүтэй зузаан хөлддөг бөгөөд хавар цас хайлсны дараагаар нуурын мөс хайлж улмаар нуурын аль нэг зах руу нь мөсөө зайлахыг цөн түрэх гэдэг. Нуурын цөн түрсэн тэр талд нь бороо хур элбэгтэй сайхан зуншлага болж, хүн малын зоо тэнийдэг хэмээн нутгийн өвгөд хөгшид ярьдаг. Увс нуурын цөн түрсэн үед 2-3 давхар байшин босов уу гэлтэй зузаан мөс нуурын эрэг дээр давхарлан тогтож, байгалийн ховор сонин үзэгдэл нэг хэсэгтээ хараа булаадаг юм. Энэхүү байгалийн нэн ховор үзэгдлийг харах гэсэн хүмүүсийн цуваа нэг хэсэг үргэлжилдэг. Ингээд уншигч та бүхэндээ Увс нуурын тухай мэдээлэл хүргэе.    

Увс нуур нь Монгол орны хамгийн том талбайтай, гадагшаа урсгалгүй, давстай, тогтмол нуур бөгөөд талбайн хэмжээ нь 3350 хавтгай дөрвөлжин километр юм. Далайн түвшнээс дээш 759 метрт оршдог, урт нь 84 километр, өргөн нь 79 километр, гүн нь 10-20 метр гүехэн байдаг. Увс аймгийн зүүн хойд хагаст оршдог тус нуур нь далайн давснаас тав дахин их давстай гэдэг. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн зэрэг 38 гол горхи цутгадаг. Алтайн сугас, эрээн жараа зэрэг загастай. Нуурын хөвөөнд зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас улиас зэрэг ургамал ургадаг.

Увс нуур, түүний цутгал голуудын ай сав дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургадаг. Мөн бор гөрөөс, гахай, буга нутагшсанаас гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай элбэгтэй. Увс аймагт 245 зүйлийн шувууд нутагладаг гэж бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт, бүргэд зэрэг ус намгийн шувууд их бий.

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааг 1994 онд байгуулснаар Увс нуур болон түүний бүс нутгийн унаган төрх, шим мандлын тэнцвэрт байдлыг хангах, экологийн амин чухал үйл явцыг дэмжих, ховор, ховордсон ан амьтан, өвс ургамал, түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд өндөр ач холбогдол өгсөн томоохон алхам болсон байна.

Увс нуурын ай савын дархан цаазат газрууд нь Алтай-Соёны эко бүс нутагт хамрагдах бөгөөд 1997 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээнд, 2003 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн байгалийн өв”-өөр, 2004 онд Олон улсын ус, намгархаг газар, усны шувуудыг хамгаалах зорилго бүхий Рамсарын конвенцийн жагсаалтад тус тус бүртгэгдсэн байна.

Мөн 2011 онд Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газар болжээ. 

Связанные новости