Аймгийн иргэдийн 85 хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Эрдэнэс таван толгой” компанийн 1072 хувьцааг эзэмшихийн тулд иргэд брокер дилерийн компаниудад данс нээлгэсэн байх шаардлагатай аж. Иргэдийн хувьцааны данс нээх ажлыг тус аймагт брокер, дилерийн “Тулгат Чандмань баян ҮЦК” ганцаараа хариуцан явуулж байна. Энэ талаар тус компанийн захирал Л.Довчинтой ярилцлаа.
-Иргэд танай компаниар 1072 хувьцааны дансаа нээлгэх явдал
их байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Манай компани нь 1991 онд байгуулагдсан бөгөөд брокер,
дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани Увс аймгийн харилцагчдын
хувьцааны дансыг нээж баталгаажуулах, иргэд хувьцаагаа арилжаанд оруулахаар зарах,
худалдаж авах гэх мэт бүхий л үйл ажиллагаанд зуучлах чиглэлээр ажилладаг.
Энэ сарын 20-ны байдлаар
аймгийн нийт иргэдийн 85 хувь нь манай компаниар хувьцааны дансаа нээлгэж
баталгаажуулаад байна. Уг нь бол засгаас яаралтай баталгаажуулж дуусга гэсэн
чиглэл өгсөн. Гэхдээ манай аймгийн хувьд мал төллөж дуусаагүй, цас зудтай,
нүүдэл суудал ихтэй байгаа тул хувьцааны данс нээлгэж баталгаажуулах үйл
ажиллагааны хугацааг сунгаж, энэ он дуустал баталгаажуулалт хийх юм шиг
байна.
-Хувьцааны данс нээлгэх зайлшгүй шаардлагатай юу?
-Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилна. Данс нээлгэж бүртгэл хийлгэнэ гэдэг нь засгийн халаасанд байгаа мөнгийг иргэн өөрийнхөө
халаас руу хийж авч байна гэсэн үг. Ингэснээр иргэд 1072 хувьцаагаа өөрөө захиран
зарцуулах эрх үүснэ. Хувьцаагаа бүртгүүлснээр ямар ашиг тустай вэ гэвэл ногдол
ашиг авах, хувьцаагаа зарах эрх эдэлнэ.
Ногдол ашгийг ирэх
5-р сарын 1-нээс өгч эхэлнэ. Брокер, дилерийн компаниар хувьцааны данс нээлгээд
баталгаажуулсан хүмүүс хувьцааны ногдол ашиг хүртэх боломжтой. Насны хувьд 2012
оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн бүх хүмүүс хувьцааны данс нээлгэж
баталгаажуулсан бол ногдол ашиг хүртэх юм. Монгол Улсын 2,5 сая иргэн
хувьцаагаа баталгаажуулж дууссаны дараагаар хоёр дахь шатны ажил буюу иргэд
хувьцаагаа зах зээлд арилжих эрх үүснэ. Иймээс маш хурдтай бүртгэж дуусгах
шаардлагатай байгаа. Увс аймгийн 85 мянган хүний 60 гаруй мянга нь хувьцааны
данс нээлгэчихсэн байна. Одоо он дуустал үлдсэн хүмүүсийг бүртгээд дуусгана.
-Хувьцааны данс нээхэд ямар нэгэн зөрчил гарч байна уу?
-Регистрийн дугаар нь зөрчилтэй, насны өөрчлөлт гарсан
хүмүүс дээр зөрчил үүсч байгаа. Иймээс насны өөрчлөлт хийсэн хүмүүс шүүхийн
шийдвэрээ хамт авч ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 1960 онд төрсөн гэсэн хүмүүс
насандаа өөрчлөлт оруулж 1959 онд орсноор дахиж бүртгүүлсэн бол тухайн шүүхийн
шийдвэрээ, шинэ регистрийн хамт авч ирж бүртгүүлэх хэрэгтэй.
Манай анх 5 мянган төгрөгөөр хувьцааны данс нээж байсан
бол энэ оноос 7 мянган төгрөг болж нэмэгдсэн.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.